Боодог

 

Баруунаа орших ухаа толгодыг нарны шаргал туяа эмжиж, жин үдийн халуун оройн сэвшээ салхиар туугдан зуны намуун тунгалаг үдэш хонь малын дуутай цуг манай хотонд тухаллаа. Гэрийн сүүдэр зүүхэн талд орших нарийхан голын эрэг хүрэх шахаж уртасчээ. Би  хэдэн тугалыхаа араас хөөцөлдөх далимдаа урт хөлтэй намхан цээжтэй хүнийх шиг болж уртассан сүүдрээрээ тоглоно. Эмээгийн саасан ягаан үнээний хусран бярууг хүч хүрэхгүй чирч гулдран арай л гэж нэг юм зэлнээс уяад, саяхан тавьсан жижиг хүрэн тугалаа өхөөрдөж амнаас нь сахаран байгаа сүүний хөөсийг нь арчин жаал хөхүүллээ. Эмээ өөр дээрээ шавах жижиг хар ялаануудыг гараа савчин үргээх зуураа  “миний хүү хүрэн тугалтайгаа эрхэлж дуусаагүй байна уу?” гээд намайг харж инээмсэглэв. Одоо болсоон дэлдэн минь. Эмээ бид хоёрыг мэдсэн байна  гэж тугалтайгаа яриад хийсэн хэргээ булах гэж хүрэн тугалаа шалавхан татаж зэлнээс уялаа.

 

Шар цэцэгэн хээ бүхий нимэгхээн улаан алчуур толгойдоо зангидсан эмээ хэдэн үнээгээ шаламгхан сааж дуусгах бөгөөд аргалд явах, хоол хийх, ааруул зүсэх гээд л хөдөөний өдөр тутмын олон ажлыг залуу хүн шиг хурдан амжуулна. Өглөө намайг дуудаж сэрээгээд тугал татуулахаас эхлэн үдэш сүүгээ хөөрүүлэн мааниа уншиж суух хүртэл нь мэдэхээс, хэзээ орондоо орж, хэзээ босож байхыг нь зуны гурван сар би лав хардаггүй юм. Нэг удаа эмээ тогоотой сүүгээ хөөрүүлж сууснаа гэнэт хөөрч дэвэрсэн сүүгээ хараад “овойлоо шовойлоо домбойлоо “гэж эх адаггүй уулаглан эрэгнэг дээгүүр шингэн юм хайж сав суулгаа онгичон, санамсаргүй олдсон жижиг суулгатай  тараг сүүрүүгээ  хийж ээдүүлчихээд “ээ нохойн гуя гэж” миний энэ ухаануу хэмээн уруу царайлан суухыг нь хараад эмээгээ ихэд хөгширснийг мэдэж жигтэйхэн өрөвдөж билээ.

 

Урд энгэрийг уруудан зуны сахлаг өвсөнд эдгэрч гүйцэх шахсан машин замаар бараан зүсний морьтой, буу үүрсэн хүн шогшуулсаар гарч ирэх нь өвөө. Ухаан санаа аль хэдийн өвөөгийн зүг гүйж хүрсэн би зэлэн дээр тогтож ядна. Эмээ ч миний байдлыг мэдэв бололтой миний хүү өвөөрүүгээ гүй гүй. Эмээ нь үлдсэн хоёр үнээгээ шувтарчихаад орьё гэлээ. Эмээг тэгж хэлэвүү үгүй юу сүүлийх нь хэдэн үг чихний омог шүргэн үлдэж  цахилдагны ногоон бут сүлжин өвөөгийн зүг гүйлээ.

 

Номхон хар мориныхоо эмээл дээр намайг өргөж морьдуулах зуураа өвөө миний хүү энэ данхар толгой дээрээ малгай тэсгээхгүй юмаа. Тэгж байж наршаад эмээ өвөө хоёроо сандаргах гээ юу” хэмээгээд баривгар том алгаараа бөгсөн дээр алгадах дүр үзүүлэн дүрэмдээд морио хөтлөн алхах зуураа надруу эргэж инээмсэглэн

      -  Өвөө нь түнжгэр хүүгийхээ махсааг гарганаа. Эмээ өвөө хоёртоо их ажил хийж өгч байгаа юм хэмээн хошуу цорвойлгон эрхлүүлээд  “энэ жил тарвага эрт өөхөлснийг бодоход өвсний гарц сайн байгаа бололтой” гэж нээх том хүнтэй ярих мэт хэлээд надруу нүд ирмэлээ. Эмээлийн ганзагнаас  уруулыг нь цоолон уясан тарвагны тахир соёо чамаас л болоо гэх шиг ярзайн харагдхад би эвгүйцэж хоёр чихээ солбин буй морины толгой руу хараа шилжүүлэв. Өвөө ч намайг ажив бололтой

-          Миний хүү айгаагүй биздээ? гэлээ

-          Үгүй. Айгаагүй ээ.  Гэхдээ үхчихсэн биздээ өвөө?

-          Тэгэлгүй яахав миний хүү. Өвөөгийх нь хараа ч муудаж, энэ  муу буу маань ч хуучирч. Гэлээ гээд яахав! Ганц нэг жилдээ гайгүй байхаа.

-          Өвөө та яагаад дандаа нэгийг бууддаг юм бэ?

-          За чи яахнав? Орой болгон боодог хийлгэж идэхнүү?. Болдоггүй юмаа миний хүү. Юм бага байх тусмаа амттай. Хэтрээд ирвэл бүх юм буруугаар эргэх нь тэр шүүдээ. Бороо хүртэл их орохоороо үер бууж сүйд хийдэг шиг хорвоо дэлхийн юм бүхэн цаагуураа холбоотой байдаг юмаа. Баян хангайгаас хүртсэн хишиг жилдээ гурав дөрвийн зэрэг бол яахав дээ. Амьтан шиг хэдэн зуугаар нь хядаад байвал тоотой  юм болсон хойно тарвага зурам ч дуусалгүй л яахав. Өвөө хүү хоёр зундаа дөрөв таваас хэтрүүлж болохгүй ээ гэж хэлээд нуруугаа үүрэн алхав.

 

 

Эмээ гэрийн гадаа асаасан аргалын түүдэгээс солбидог хайчаараа улайсаж гүйцсэн жижигхээн бөөрөнхий хар чулуунуудыг хуруугаараа чимхсэн юм шиг л сурмагхан гаргаж  өвөөгийн гар дахь тарвагны тулам руу шиийг шааг дуугарган хийнэ. Нилээд хэдэн чулуу хийсний дараа бэмбийж бамбайн өвөөгийн дэрэлдэг цайны шааран дэр шиг болсон тарвагны туламны үсийг эмээ зумлаж гарлаа. Өвөө  хэсэг аргал нэмэн түүдгээ өрдөөд дүрэлзэн асах галын дөлөн дээр бүртийх ч үсгүй олж нүцгэрсэн боодогийг хэдэн талаар нь тойруулан барив. Дараа нь жижиг жалавчинд ус дүүргэн буцалгаад  тарвагны шинэхэн тулмаа хийн хэдэн хором сойлоо. 

 

Гал дээр баригдаж дараа нь буцламгай халуун усанд сойгдсон тарвагны боодог ил галын гэрэлд  тос дааварлуулан гуулин шаргал өнгөөр гялалзана. Өвөө хурц тонгрогоор боодогоо задлахад шарсан махны үнэр, шинэхэн дарсан ногооны үнэр гээд л юм юм уур савсуулан үнэртэж ойрд тарвагны мах идээгүй би шүлсээ залгин дөхлөө. Цааш гэм чи! Арай болоогүй байна. Өвөө нь шөлийг нь аваадхья гээд том хүрэн модон аяганд боодогны шөлийг юүлэв. Нааш ир миний хүү энд утаан доор суу. Ялаа нүдэнд чинь баана гээд эмээ хажуудаа суулгаад  аягатай шөл бариуллаа. Аяархан оочивол таана гогодоор амталсан боодогны шөл хамар цоргиж  үл ялиг давсархаг амт нь салахын аргагүй байлаа. Өвөө боодогноос жижигхээн хар чулуу гарган надад бариулаад:

-          Миний муу түнжгэр хүү өвөлжин ном үзээд ядраа байлгүй. Хий хуйд сайн наадхаа гартаа сайн барь гэж хэлээд намайг цаашлуулан хүд хүд инээлээ

Нарийхан урт болгож зүссэн боодогны сурнаас гурвыг ганц дал төдийхэнтэй идсэн би яав амархаан цадаж урдаа байсан хэсэг махыг авч тавин байхыг харсан эмээ

-    Эмээгийн хүү сэтгэл нь цадаагүй байгаа юмуудаа. Одоо болно болно. өглөө ид. Гэнэт их мах идэх гэдсэнд халтай. Эмээ нь өглөө цайн дээр чинь өгье гэлээ. Зөөлхөн болоод цавуурхаг тарвагны мах гар наалдаж заваарсаныг ойролцоох булагаас барьж ирсэн усаар  угаах зуураа хүйтэн ус цүдийтэл залигласан би шинэ маханд цохиулан нойр хүрлээ.

 

Гэрийн тооноор харагдах түгэх түмэн од яралзан анивчиж тэртээ дээрээс нэг од гялс хийн цахилж одоход өвөөгийн хэлсэн “амьтан хүртэл тоотой хэдэн зуугаар нь авлаад байвал тарвага зурам ч дуусалгүй яахав” гэж хэлсэн нь бодогдлоо.

 

Тооноор тусах оддын гэрэл захаасаа хумигдан бүдгэрч зэргэлдээх голын зүгээс сонсогдох мэлхийн дуу бүүр түүр алсалж би хүүхэд насны амаглан нойрондоо автлаа......

 

 

 

Rockfod IL                                                             10.21.2008

Сэтгэгдэлүүд:

1. Торой банди | 2008-12-28 10:37:06
Та бүхэн сэтгэгдлээ үлдээгээрэй!
2. Muugii (зочин) | 2008-12-28 12:53:51
Nadad taalagdlaa, saihan bichsn bna, nudend haragdaad l yavchihlaa, bayarlalaa, oor olon saihniig buteej tuurviaarai, amjilt husie
3. Өвлийн өвөө anjigai | 2008-12-28 14:43:01
Үнэхээр гайхалтай. Миний бага нас л чиний энд явж байх юм. Тэгэхдээ бид олуулаа байсан л даа.

Одоо өвөө минь ч эмээ минь ч бурхан болж дээ.
4. Орнелла | 2008-12-28 14:54:09
Мань мэт ча гэх малгүй, туу гэх нохойгүй орчинд өссөн товаришууд /ишчэ үсэг олдсонгүй/ хүртэл ойлгохоор нүдэнд буутал чамбай дүрсэлжээ. Тэр боодог хүртэл харагдаад ирж байна.
5. gerelee (зочин) | 2008-12-28 15:27:55
Heerhen iumaa saihan jargaltai baga nas. Amjilt hysie. Happy new year. Odoo bi amitadiig hairlaad tsagaan hool iddeg gehdee bagadaa idej baisan saihan boodognii amtiig araanii shyls goojtol bichsen chini gaihamshigtai bailaa. ydeshleg goe bolsonyy ochmoor baisan ch ochmoorgyi sanagdsan.
6. Орнелла | 2008-12-28 16:18:07
Цагаан хоолтой Гэрэлээ минь, хажуугаас хошуу дүрсэнд уучлаарай. Тэжээллэг уурагтай хоол заавал хэрэглэж байгаарай. За даа чи ч өөрөө мэдэх биз дээ.
7. ZOCHIN *** (зочин) | 2008-12-28 20:45:55
BOODOG IDSEN MET SAIXAN BAILAA XUDUU NUTGAA GEJ
8. Торой банди | 2008-12-28 23:15:56
Очиж чадаагүй ээ Оронд маань ажиллах хүн ирсэнгүй... Заримдаач ганцаардаж хэцүүдсэн үедээ эээээ.. Монголчууд миндээ... гэмээр санагдах үе зөндөө юмаа.....
9. tagm (зочин) | 2008-12-29 02:09:09
comment orohgyi bainaa... Dahin dahin bichseer byyr yadarchihlaa...
10. ХЭнхэГэнДэн | 2008-12-29 02:18:23
"амьтан хүртэл тоотой хэдэн зуугаар нь авлаад байвал тарвага зурам ч дуусалгүй яахав” энэ үг их таалагдлаа.

гоё богино өгүүллэг байна.
11. kkk (зочин) | 2008-12-30 15:10:00
goy bichjee.emee uvuu nar yagaad iim goy yum bol.bichlegiig chini unshaad boodog idsen boohoi shig l bollooo.kkk
12. Nadia (зочин) | 2008-12-31 18:20:42
Uvuu emeeteigee bhad iim l saihan bdgsandaa.
13. monjigo | 2009-01-24 07:07:48
shuls goojchihloo gesen he he... saihan surgamjtai, dursamjtai uymaa
14. Муу залуу (зочин) | 2009-02-12 17:40:25
Сайхан тарваганы боодог идмээр байх чинь вэ
15. Parfume | 2009-02-23 20:52:03
Таны бичлэг гайхалтай дүрслэл сайтай, үгийн сонголт мундаг, уншихад үнэхээр урамтай юм. Би арван жилийн сурагч байхдаа гэрийнхээ номын санд байсан бүх уран зохиолын номыг (барагцаалбал 100 орчим юм болуу) уншиж дуусгасан, уран зохиолын номны үнэн хорхойтой хүүхэд байв. Тэр номнуудын ихэнхи нь сонгодогууд ч байсныг хэлэх үү, үнэхээр амтархан уншдаг байж. Тэгээд оюутан болсноос хойш зав зай ч багассан, уран зохиолын ном нэг шимтэж уншихаа байцан юм.Харин таны блогыг санамсаргүй олж уншаад их сайхан сэтгэгдэл төрж байна. Та их авьяастай хүн шиг байна. Ажил амьдралд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.