Багын явдал

Өмдний  нь салтаа нь өөрийхөөс нь төө илүү унжиж тас хар өнгийн ацаа цухуйлагсан арван хоёр орчим насны хар банди  (энд хар гэж хэлээ л бол арьс өнгөөр ялгаварласан гээд бөөн юм болно)  хүзүүндээ бидний нохойгоо уядаг том хар гинжнээс  дутахгүй том юм зүүж, саравч нь хажуу тийшээ харсан тас хар малгай өмсөөд, амандаа нилээд том бохьтой бололтой ангар ангар хийлгэн автобусны зогсоол дээр ирлээ. За тэгээд шулуухан хараад байж болохгүй болохоор нүд буландан сэм ажвал энэ ер нь гараа өргөж цагаа харж бас чаддаг юм байхдаа гэмээр  том цаг, үдээс хэл хоёрыг нь гудамаар шахуу цувуулж өмссөн пүүз, манай шоронгийхон харлаа л бол арьсыг нь хуулаад ч  хамаагүй авах гэж шунахаар гаран дээрх шивээс, малгай доороос нь цухуйх нарийхан нарийхан сүлжсэн үс бүгд нийлээд би чамаас бол шаал өөр төрлийн хүн шүү гэдгийг  илтгэх мэт. Хар нүүрэн дээр даан ч яав гэмээр заяасан цагаан шүд, бүлтгэр том нүдний аяганд эргэлдэх цөцгий нь энэ хүний бүх цагааныг нийлүүлээд зөвхөн тэр хоёрт нялчихсан аятай.  Мань хүн явна гэж өлмий өсгийнөөс эхлээд үетэй болгоноороо  нахилзах төдийгүй данхар том харагдах толгой нь ачаатай машины кабин данхалзах мэт биенээсээ тусдаа хөдлөх нь ёстой л нөгөө мафийн том толгойлогч лугаа санагдана.

 

Ээдээ чамайг монголд аваачаад зах дээр долоо хоног тэрэг түрүүлээд дараа нь  худгаас ус зөөлгөөд .... дөчин хэдэн хүүхэдтэй ангид суулгаж, эгдүүг нь хүргэвэл хусаад авдаг эрэгтэй багшаар алган хавсай өгүүлвэл яаж хулхи нь буух болоо.....  гэсэн шидийн бодол төрж инээд хүрлээ.  Энэ хар бандийн амссөн зүүсэн, өссөн орчин гээд бүхий л юм нь туулж өнгөрүүлсэн бага наснаас минь өдөр шөнө шиг л ялгаатай юмдаа.

 

Зүүд зэрэглээ үлгэр домгийн ертөнц мэт санагдах аймгийн төвийн арван жилийн сургууль дахь бага нас тэрхэн зуур бодогдож байна. Цалингаас цалингийн хооронд  амьдардаг албан хаагчийн гэр бүлд мэндэлсэн би ах эгч нарийн аль багадсан бүхний эдэлгээг нь дуусгаад гаргах бөгөөд жилдээ нэг юмуу хоёр удаа  шинэ хувцас авхуулах нь тэмдэглэлт үйл явдлын хэмжээнд очино. Би дээрээ зулайгаа гишгэн төрсөн хоёр эгчтэй тул эмэгтэй хүүхдийн хувцас өмсөх гэж нэг аюул тулгарч багахан хэмжээний дайн гэр зуураа өрнөөд өнгөрнө. Эмэгтэй хүүхэд гэдэг хувцсандаа ямар гамтай гэж бодно. Бас тэгээд нэг өсөхөөрөө хурдан өсдөг юм биз. Нэг мэдэхэд л ээж эгчийн чинь энэ багадаж гээд нэг саравгар цамц эс бол  дээрээ цэцэгтэй өмд үзүүлсээр царайчилж сууна. Сургууль дээр бол адилхан форм цагаан цамцаар ижилсэн  тул гутал дээр л асуудал гарна. Жаахан өсгийтэй моодтой “Заря” гэж нэг Оросын гутал дээрээс болж хэд хэдэн удаа уйлж дуулан аав ээжтэй “тулаж”  байснаа санаж байна. Уг нь ч нээх эмэгтэй гэж харагдхааргүй л эдэлдээ хөөрхий. Анги дээр очихоор тэр олон хүүхдийн дунд  гуталын загвар гаргуун мэдэх нэгэн байж таардаг л биз “энэ охины гутал өмсчихжээ” гээд л ангиар нэг юм болно. Болдогсон бол гутлаа тайлж чулуудаад гэр лүүгээ хөл нүцгэн алхмаар санагдах гэнэн тэнэг ичимхий бага нас минь. Анги нийгэм нь ч тийм байсан биз. Олноос онцгойрох тийм дургүй байждээ.

 

Шинэ жилийн баярын тухай бодохоор  тоотой хэдэн дуу шинэ жилийн дуу чихэнд үг аятайгаа цангинаж өвлийн өвгөний өгдөг цаасан ууттай бэлэг нүдэнд харагдан мандиран үнэртээд л явчихдагийг бодохоор одоогийнх шиг юм гэдэг  тийм ч элбэг дэлбэг байсангүй бололтой. Талх элсэн чихэр масло гурав л бидний үеийхний гол хоол байсан бөгөөд ээж бүтэн сайн өдрийн амралтаараа халуун тосонд шарагдан сайхан амттай боорцог хайрч тавих болвч өсөж яваа хэдэн хүүхэд  нь хүний өөрийн баахантай нийлээд ирэх долоо хоног хүргэлгүй дуусгаж орхино. Хоол ч оройдоо лавшаа голдуу байгаад идэхгүй голж өнөөх талх масло саахар гурваа зодолдуулах үе хаяа тохионо. 

 

 Тоглоом наадгай гээд нээх сүр болоод байх юм төдийлэн байсан ч үгүй. Ямартаа л өвөлд гулгаж тоглох гэж “Мечта” гэдэг плитка-ний  тагийг гэрээсээ сэм хулуулж аваад дээр нь сууж гулгана.  Цаадах нь гайгүй сайн паалантай эд хэдий ч хэдэнтээ гулгаад паалан нь унаж цаадах төмөр нь гараад ээж аавд баригдан зориулалтын бус эдээр тоглосны шан гэж банга авна. Гэр хорооллын хүүхдүүд мод хөрөөддөг цүзгэр хөрөөгөө авчиран дээр нь хөлөө нугалан сууж  нэг үзүүрийг нь дээш нь татаж бариад гулгана. Яаж тэр хөрөөний арзгар ирэнд гэдэс гүзээ гар хуруугаа хэгз татчаагүй юм бүү мэд. Зунд бол байр байраараа нийлэн талцаж чулуун байлдаан хийх буюу их л бодож нийлэхээрээ төвөөс жаахан зайдуу гарч жавхаар огтоно ална.  Нэг дор жаран хэдийг эгнүүлэн тавьж байсан гэхээр ямаршуу залхаан цээрлүүлэх анги явдаг байсан нь ойлгомжтой. Байрны бүх хүүхдүүд нийлээд тавь орчим гэж бодоход л  ундаг дугуйтай нь таван  хуруунаас ч цөөн. Тэд нь бидэн дундаа од. За тэгээд жаахан  томроод ирэхээрээ охидуудаа өөр нүдээр хардаг ч юмуу эгдүү  хүрдэг байсан ч юмуу сэм шоглоно. Манай ангийн нэг нөхөр хажуудаа суусан охиныг босож яваад эргэж ирэхэд нь сандал дээр нь үзэгнийхээ дэгээг босгож тавиад дээр нь суулгачихсан удаатай. Хөөрхий охин суувуу үгүй юу чарлан босож ирээд бөөн юм болж аав ээж нар нь сургууль дээр ирж аюул болж байсан удаатай.  Тэнэгдүүхэн.. эс бол даруухан... эс бол бүүр бөглүүхэн ч гэх юмуу миний бага нас минь ..  Ямар ч гэсэн дутуу гачуу гэдгээ нээх мэдэрч  сэтгэлээр унаж энэ тэр болж байсангүй. Тийм л байх ёстой мэт сэтгэж бүгдээрээ иддэг хоол өмсдөг хувцас нэгэн ижил түвшинд нэгэн ижил сэтгэлгээгээр амьдарч ирждээ.

 

Юм бүхэн орвонгоороо эргэж миний үр хүүхэд сонсож гэмээнэ гайхаж алмайрхаар тэр нийгэмд амьдарч асан би дэлхийн бөмбөрцгийн нөгөө бөөрөн дээр ирчхээд  биднээс амьдарлаас минь дэндүү өөр бүхнийг харж мэдэрч  нүд оюунаа  чилээж суух зуураа элдвийг тунгаасан минь энэ.  Ясаа тасартал хөдөлмөрлөж, өлсөж, зовж үзсэн хүн л ардчилалын үнэ цэнийг мэдэрч дор бүрнээ нэгийг бүтээхээр шамддаг.  Тэгж үзээгүй хүн бол ардчилалыг анархизм болгоноо гэж ... Шагдар багшийн хэлдэг шиг МЭРГЭН ҮГ  шүү... хэ хэ

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Торой банди | 2008-12-29 14:17:27
Унтья даа Шөнийн 00 15 болжийна. Блогоос өөр нөхөргүй Өвдөгнөөсөө өөр эхнэргүй гэдэг л болжийна даа хэхэ
2. claus | 2008-12-29 14:34:10
Эээ сайхан дурсамж байна.Хэн хүнгүйл иймэрхүү маягаар өссөн дөө, хөөрхийдөө миний муу бага нас.
Миний хэлдэг үгтэй төстэйл юм даа...Харьж ханаа нураая, Орж ороо нухая...
3. bonne fee (зочин) | 2008-12-30 23:04:21
naad uye chin teed bol barag 30 jil urgeljilsen 2 shahuu yue eleesen aikhtar ijilsegdsen niigmiin buteeluudiin dursamj bna.. bi bas tednii neg gjugaa...gehdee gotiikh l doo...
4. tutmir (зочин) | 2008-12-30 23:10:25
imeedtei ium xair xyrchixlee
5. mon_108 (зочин) | 2008-12-31 19:44:53
Shine ondoo aztai, khiimortoi, ongodtoi, eruul enkh baih boltugai...
6. TTT_5599 | 2009-01-06 11:20:45
hey.
7. Өвлийн өвөө anjigai | 2009-01-06 14:35:59
Нутгийн залуу ч бас л сайхан хэлэх юмаа.
Үнэхээр нар толгой дээрэээс ээсэн халуун өдөр хулганы дош ширтэн суудаг байсан бага нас минь санаанд орж байна.
Амжилт
8. Санжаа (зочин) | 2009-04-18 10:08:23
Эхлэл чинь үнэн сак болжээ. Энийг чинь л хэлээд байсан байхгүй юу. Ямар нэгэн юмыг сайн л эхлэвэл цаашаа үргэлжилнэ. Дунд төгсгөлийг нь нэг их уншсангүй. Харь нутагт эх орноо, ах дүү, хань гэр бүлээ санасан хүн хэцүү л байдаг байх оо. Гээд бас хувь хүний дурсамжийг тэр болгон хүн уншаад суух хүсэл, цаг зав байхгүй гэдгийг нэг бодож үзээрэй. Амжилт

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.