Гал тэрэгний зүтгүүрийн дохион дуу уртаар уянгалан хэзээ мөдгүй цуваа хөдлөх болсныг сануулна. Хаварын ааш муутай тэнгэр юу болов гэмээр олны хөлөөр тээгдэж ирсэн сул шороог ганц нэг цаас навчхантай хийсгэн нүд цавчиртал салхилах ч үүнийг юун анзаарах. Ойр зуурын хэдэн хувцсаа үүргэвчиндээ чихэж нуруундаа үүрсэн Баадай хар цагаан дуугуй, цардмал хучилтан замын ангархай цуурхай бүхнийг шалгах мэт доош тонгойж зогсох нь үг хэлэх гэхээр хоолой зангирчих гээд байгаа надад үнэхээр хэцүү байлаа. Дэмий л хэсэг зогсоод Цэдка өөд харан “нөгөөдхөө” гэж нүдээрээ сэм дохивол мань хүн сандчин муу куртканийхаа энгэрийн хэдэн товчийг тас татах нь дөхөн нээгээд дотор халааснаасаа сонинд боосон тавьт зуут голдуухан хориод мянган төгрөг гарган надруу сарвайв. Би Баадай хөгшөөн гэж аргадсан хоолойгоор хэлээд энэ мөнгө, ажил явдалдаа хэрэглээрэй.. гээд өгөв.
Аавынхаа өнгөрснийг эхэлж дуулаад итгэхгүй, үгүй байлгүйдээ, худлаа гэж хэлэх байх гэсэн гэнэхэн харцаар бид хоёрлуу харан хэсэг алмайрч байснаа тоглоогүй гэдгийг мэдсэн Баадай хэдэн хувцсаа нэг гаргаж, нэг хийж арай гэж үүргэвчээ бэлдэж аваад энд ирэн иртлээ нэг ч үг дуугараагүй юм. Бид хоёрыг даган байрны хаалгаар гарч явснаа гэнэт эргэж тасаг руугаа гүйгээд төд удалгүй аавдаа зориулж авсан бүрх малгайгаа энгэртээ нандигнан барьсаар гарч ирэхийг нь хараад би хүн болсоор л анх удаа л тэгж их өр өвдөж билээ. Баадай үргэлж очтон гялалзаж байдаг харц нь эргэж хэзээ ч сэргэхгүй нь дээ гэж бодмоор гуниг суусан нүдээр надруу харж хэсэг зуур дуугай байснаа
- Энэ зурагт авахаар цуглуулсан мөнгө биздээ гэж өөр хүнийх шиг хоолойгоор эвлэж цөхөн хэлэхэд нь Цэдка өөрийн биш хойлоогоор :
- Хөгшөөн зурагтаар яах юм бэ ? Бүгдээрээ дараа л авья гэхэд нь би залгуулан:
- Зурагтай зурагтгүй ч болж л таараа! Чи харин хичээл номондоо санаа зовоод хэрэггүй. Бид хоёр багш нартай чинь уулзаад аргалчихнаа гэж түг таг хийн өгүүлээд араас нь хэлэх үг олдохгүй гацлаа. Ямар сайн яваад ирээрэй, ажилаа сайн бүтээгээрэй ч гэлтэй биш хий дэмий л салхинд сэрвийн хийсэх муу халимгаараа оролдож зогсов. Баадай:
- Баяртай гэж дуулдах төдий шивнээд суудлын вагоны өндөр шатаар авиран орж бараа тасрав. Хажууд нь арай гэж биеэ барьж зогссон би эргэж галт тэрэгний цонх руу харах гэсэн боловч нүдний аяга дүүрээд ирэх нулимсанд хараа минь бүрэлзлээ. Ханцуйныхаа араар нүүрээ шудраад хоёул гал тэрэг хөдлөхийг хүлээн цонхоор Баадайг олж харах санаатай хий дэмий л олилзож зогсов.
- Гэнэтхэн “одоо хөдлөх гээд байхад хаашаа зүтгээд байгаа хүүхэд вэ?” гэсэн үйлчилэгчийн уцаар дуутай зэрэгцэн гал тэрэгний хаалганаас үсрэн буусан Баадай бид хоёрыг ээлжлэн чанга гэгч тэвэрч аваад түрүүнээс хойш гараасаа салгахгүй байсан гялгар уутан торыг нь урах нь холгүй нээн аавдаа зориулж авсан бүрх малгайгаа гаргаж ирэн Цэдкагийн гарт бариулаад буцаж гүйлээ.
Өдөржин л байрны хавчиг коридороор нүргэлж байсан хөлийн чимээ дуу хуур шөнө дөл хүргээд сая л нэг замхарч ажин түжин болоход нойр хульжсан би пүрш нь чихарсан төмөр орон дээрээ элдвийг бодон толгойгоо салаавчлан хэвтэж байлаа. Нээлттэй цонхоор орж ирэх цэнгэг агаараар шуналтай амьсаглан бодолдоо дарагдан өрөөндөө ганцаар мэт аниргүй байтал Цэдка ороо шажигнуулан хөрвөөж надруу харав бололтой харанхуй дундуур:
- Болдоо чи сэрүүн байнуу? гэлээ
- Сэрүүн л байна. Нойр хүрдэггүй ээ.
- Аан гээд хэсэг чимээгүй болсноо Баадай байхгүй чинь ийм эвгүй байна гэж ер бодсонгүй
- Чи ч гайгүй байнаа. Баадай байхгүй, дээрээс нь чи Туяагийн тасагруу алга болоод өгнө. Би л харин энд чинь ганцаараа өдөр өнгөрөөх гэж зовж байна даа. Цаадах чинь өдийд яаж байгаа бол. Амаргүй л байгаа даа. Айлын том хүү, хэдэн дүү нар, ээж нь .. ингэнэ чинээ санаагүй л явсандаа.
- Тиймдээ.. гээд Цэдка уртаар санаа алдан хэсэг шуухтниж байснаа залгуулан хамгийн бага дүү нь дөнгөж нэгдүгээр анги гэсэн биздээ. Тэр нь л аавыгаа үгүйлж зовоох байхдаа гээд дахин санаа алдлаа. Оюутны байранд гурван жил хамт амьдарч ах дүүгээс өөрцгүйгээр ижилдэн дассан бид гурав нэгэндээ тохиолдсон зовлонг ижилхэн хуваалцаж сэтгэлээ чилээх нь зүй ёсны хэрэг байв. Ганцхан ч бараан толбогүй үүлгүй цэнхэр шиг асан бидний сэтгэлд элэг бүтэн амьдрал гэдэг мөнх биш, аав эжий гэдэг буцаад явчих бурхны оронтой хүмүүс гэдгийг сануулсан гэнэтийн явдал энэ байв. Түрүүнээс хойш таг дуугай хэвтсэн Цэдка энэ тухай л бодон сэтгэлдээ зовниж байсан ажээ. Би
- Аав ээжийгээ бодоод байсан чинь тэд маань нээг ч их залуу хүмүүс биш болжээ. Тийм ч юм, ийм ч юм авч өгч баярлуулна гээд л бодоод явдаг. Биднийг баярлуулж ачийг нь хариулахыг хүлээгээд суугаад байна гэж ч байхгүй л юмдаа. Бушуухан шиг оюутны тарчиг амьдралаасаа салж аав ээжийгээ бага ч гэсэн баярлуулах юмсан гэж хэлэхэд Цэдка:
- Харин тиймээ хө. Чихийг нь ч халууцуулсан нь мөн их шүү. Аав надад ямар юм хэлэх биш ээж нүүрээ чинэрүүлээд л загнадагсан. Одоо ч хоёулаа юм хэлэхээ байж дээ. Намайгаа их л том болсон гэж боддог байхдаа хэмээгээд уртаар шүүрс алдаснаа найз нь чамтай нэг юм зөвлөх гэсэн юм гээд их л чухал зүйл хэлэх бололтой орон дээрээ өндийлөө.
- Юу тэр вэ гэж асуугаад би ч гэсэн өндийж гэрлээ асаан данханд үлдсэн хүйтэн цайнаас нэг аягийг хийж уугаад орон дээрээ ирж суув. Цэдка
- Найз нь ирэх жил байрнаас гардаг юмуу л гэж бодоод гэснээ над руу нухацтай нь аргагүй хараад цааш үргэлжлүүлэн “аль болгон Баадай та хоёрыг өөр тасагаар хонуулаад яваад байхав дээ”. Тэгээд ч Туяагийн тасагийн охидуудыг эзгүйчилэх ч хэцүү л байна. Ирэх жил айлийн хажуу өрөө хөлслөөд ч хамаагүй амьдраад үзье гэж бодлоо гээд надруу асуусан маягтай харав. Гурван жил нэг өрөөнд хамт амьдарч хэцүү бүхнээ хуваалцаж, уурлахдаа хамт уурлаж, баяртай мөч бүхнээ хамт өнгөрүүлж байсан бид гурвын хамтын сайхан амьдрал хэдхэн сарын дараанаас өөрчлөгдөх нь гэж бодохоос их л гунигтай санагдад явчихлаа.
- Тэгээд Туяа зөвшөөрсөн юмуу? Ээж нь та хоёрыг хүүхэдтэй болж болохгүй. Сургуулиа төгсөж байж л хүүхэд шуухадын асуудал ярь гэсэн гээ биздээ гэж асуусанд.
- Өө тэр ч яахав. Ээж аавууд угаасаа л тэгж байдаг юм чинь. Ямар тусдаа гарна гэсэн болохоос шууд хүүхэдтэй болох гэж байгаа биш. Би Туяатай сайн ярьсаан. Цаадах чинь чи өөрөө мэд. Би чамтай л бол хаана ч амьдарсан яахав дээ гэсэн. Тэгээд ч найз нь энэ жил дадлага дуусгаад Туяагийнх руу явья гэж бодож байгаа. Ээжтэй өчигдөр утсаар ярихдаа хэлсэн чинь Туяагын төрсөн жил, насыг нь асуугаад л байна билээ. Манай ээж гэж нэг баахан шүтлэгтэй хүн өдийд сүм хийдээр яваа биз гээд Цэдка надруу хулгай нүдээр гэм хийсэн аятай харлаа. Би
- Баадай ирээд юу гэх бол. Бид гурвын байрны амьдрал тэгвэл хэдхэн сарын дараа дуусаж байгаан биздээ. Өөр хүн олж нэг тасагт орлоо ч санаа нийлэхгүй байхдаа гэж хэлээд би эргэж хэвтлээ.
- Найз нь өөрөө тэгье гээгүй шүү. Туяа л цуг байя гээд л байгаа юмаа.
- Тэгэлгүй яахав дээ. Цаадах чинь чамд сайн гэдгийг Баадай бид хоёр хэлээд л байсан. Чи ч тэр орой өвөрт нь яваад ороогүй бол дараа дараа гэсээр байгаад алдаад дуусах байсан юм. Хэ хэ сайхан “көшиглүүлсэн шүү” гээд би худлаа инээхчээ аядлаа.
- Хэлээд яахав гээд Цэдка өндийн муу Баадайгаа хөөж гүйцээд шилэн хүзүүнээс нь базаж байгаад бөгсрүү нь хэд сайн өшиглөөд тавьчихсан чинь маргааш нь хүрэн улаан болоод хавдчихсан байж билээ. Туранхай хүн хавдаж хөхөрөх нь амархан гэдэг үнэн юм билээ. Би ч хараад айсан шүү хэмээгээд хэсэг дуугай байснаа, одоо бодоод байхад муу Баадайтайгаа нэг тасагт ороогүй бол бид хоёр ч арчаагаа алдах байсан байхаа гэхэд нь би:
- Хэлээд яахав мөн ч сэтгэнэ шүү. Адаглаад л жижүүрийг хүртэл аргалж байгаад хэнийг ч хамаагүй оруулаад ирнэ. Өвөл нэгдүгээр курсыхэнд багш нарыг нь ярьж өгөөд хөөрхөн бизнес хийсэн гэж байгаа.
- Бид хоёрыг бол дагуулахгүй толгой сайтай л хүндээ гэж Цэдка өгүүлээд нэгийг бодолхийлэн байснаа шанаагаа тулан надруу харан хэвтээд
- Норжин чинь одоо ер нь ямархуу байгаа вэ? Та хоёр гайгүй болж чадаж байнуу? гэж тулган асуулаа. Би хэсэгхэн түгдэрснээ
- Өө яахав бахь байдгаараа. Хэдхэн минут уулзаад л год гээд л орно. Намайг ядаж долоо хоногт хоёр удаа ирж бай. Би хичээлээ хиймээр байна. Хүн амьтнаас ч ичиж байна гэсэн.
- Үнэхээр сайн биш хүнийг өөртөө албадаж сайн болгоно гэж юу байхав дээ. Цаадах чинь чамд сайн биш болоод л өдий долоо найман сар сэлбийн эргээр жим гартал явуулчаад нэг нүдээрээ ч харахгүй байгаа юм байндаа. Дэмий ингэж цагаа алдаж хүн царайчилж явснаас больсон нь дээр юм бишүү. Чи ямар яадгаа алдсан царай зүс муутай хар санаатай хүн биш. Бүүр сайхныг нь олоод суухгүй юудаа. Охидууд гэдэг хөөрхөн байх тусмаа ааш муутай эс бол би л гэсэн зантай байх юмдаа. Норжин ч хүний сэтгэлийг олж харж чадахгүй яравгар охин харагдсан. Чи юунд нь болж өөрийгөө тэгж доорд үзэж өчнөөн сар гүйдэг байнаа.
- Цэдка чи аан гэж бай. Норжин надад сайн биш ч гэлээ түүнийг яравгар энэ тэр гэж хэлэхийг би зөвшөөрөхгүй. Хичнээн намайг тоохгүй байлаа ч гэсэн энэ нь түүнийг минь муу гэж хэлэх шалтаг ерөөсөө биш. Би түүнтэйгээ суухгүй ч гэлээ түүнийгээ үргэлж дотроо санаж явах болно гэж би эрсхэн хариулаад дуугаа хураав.
- Хүн чамд сайн санаад л хэлж байна. Өөрөө л мэдэхгүй юу. Юу сайхан дур сайхан гэж Цэдка ундууцлаа
Цэдка унтсан ч юмуу миний эрс хэлсэн үгэнд жаахан гомдсон уу таг боллоо. Нээрээ л үүний хэлдэг үнэн л дээ. Хүнийг өөртөө албадаж сайн болгоно ч гэж юу ч байхав. Үнэхээр надад сайн болвол ч болохоор л хугацаа өнгөрлөө. Өөр сайн хүнтэй л болоод л ингэж байдаг биз. Миний өөрийг нь гэсэн сэтгэлийг бодоод л уулздагч байж магадгүй. Ингэж ингэж бүтлээ гэж бодоход цаасаар хийсэн юм шиг хиймэл амьдрал үүснэ биз. Өөртөө үнэн сэтгэлээсээ сайн биш хүнтэй нэг насыг барна гэдэг хэцүү л байх л даа гэхчлэн элдвийг эрэгцүүлэн удтал бодоод нэгэн шийдвэрийг гаргахаар сэтгэл шулуудлаа.
Хавар болохоор сэлбийн гүүрний хоёр талын хашлагыг даган хосууд сууцгаан энэ тэрийг хүүрнэлдэж үгүй бол хэсэг бүлгээрээ төмөр хайсан дээр суух нь сууцгаан босож зогсох нь зогсоод элдвийг ярин хөгжилддөг нь оюутны амьдарлын бас нэгэн агшин. Удаан уулзаад суух барих дээрээ тулсан хосууд толгойгоо нийлүүлэн ёстой л нэг зүү орох зайгүй суусан байхад шинэхэн танилцаж байгаа нь хоорондоо нилээд зайтай суух нь андашгүй. Оройн сэрүүнд хаврын нарны элчинд аль хэдийн хайлсан цасны чийгнээс өөр чийг хараахан үзээгүй сул шороон хөрс сэвэлзэх төдий салхинд хуйлран хийсч ар араасаа хөөцөлдөх мэт шуурах нь цаанаа л нэг ёозгүй.
Норжингийн алхаанд тааруулан удаахан алхаж, юу ч ярилгүй чимээгүй явснаа би Норжингийн өөдөөс харан үл мэдэг инээмсэглээд
- Би чам дээр ирэлгүй гурав хоночихож. Бас л их удаан гурав хоног байлаа Чамайг харах гэж яараад.. Энэ гурав хоног өнгөрч өгдөггүй. Их ч ажилтай байлаа гэж намайг хэлэхэд Норжин нүүр лүүгээ унжсан туг үсийг чихнийхээ араар хийх зуураа
- Тиймүү?! Надад ч нээх анзаарагдсангүй. Гурав хоночихсон гэжүү. Би чамайг дуудахаар чинь өчигдөр ирлүү яалаа гэж бодоод гэж тоомжиргүйхэн хэлэхэд нь үл ялиг гомдох сэтгэл төрсөн ч түүнээ мэдэгдсэнгүй. Ярих зүйлээ хаанаас нь эхлэхээ мэдэхгүй дотроо элдвийг бодон алхлаа. Норжингийн зүгээс тийм юмны үнэр гэж нэр заахын аргагүй сайхан үнэр салхиар дамжин үнэртэхэд би жаахан эвгүйрхэж хоолойгоо засаад газар ширтэв. Халаасандаа лав гэгч хийсэн гараа чанга атгаад “өнөөдөр л хэлэхгүй бол маргааш хэлнэ гээд л явна нөгөөдөрч бас хэлнэ гэнэ одоо л хэл” гэж дотроо өөртөө шивнэн албадаж явлаа. Сэлбийн голын урд гүүр хүртэл хамтдаа алхаад яах ийхийн зуургүй Норжингийн байрны үүдэнд ирэв.
- Чи чинь яагаад дуугаа хураачихаа вэ? Урд нь болиосой л гээд байхад яриад байдаг гэснээ Норжин надруу харж доогтой нь аргагүй инээхэд нь нүднийх нь харцнаас шоолсон бас өөртөө эрдсэн ихэмсэг байдлыг нь олж хараад би сэтгэл шуударлаа.
- Өнөөдөр би чам дээр сүүлийн удаа ирж байна. Би чам дээр анх ирснээс хойш найман сар болжээ. Цаг хугацаа ч их л хурдан юмдаа. Тэгээд би бодлоо. Нэгэнт чи надад хайртай биш сайн болох ч үгүй юм шиг байна. Чи намайг амьдралдаа зүгээр л нэг тааралдаад өнгөрсөн хүн гэж битий бодоорой. Чамд үнэн сэтгэлээсээ хайртай хүн байгаа шүү гэж бодож яваарай. Би чамайг мартахгүй. Гэхдээ чи намайг ирж бай гэвэл би ирж байнаа гээд Норжингийн царай өөд эгцлэн ширтлээ. Зүрх маань “ирж бай” гэж хэлэх байх гэсэн шиг гордлого дүүрэн цохилж Норжингийн хариултыг түгшин түгшин хүлээж байлаа. Ялимгүй улаа бутарсан царайндаа гайхсан өнгө тодруулан над руу харж байсан Норжин сулавтархан хэдий ч цаанаа л итгэлтэй өнгөөр “баяртай” гэж хэлээд эргэж ч харалгүй байр луугаа орлоо.
Орчлон хорвоо гэдэг хов хоосон болчих шиг санагдсан би өөрийнхөө юу гэж хэлсэн, юу болсон эсэхийг үл мэдэн, тас хийтэл хаагдсан хаалгыг итгэж ядан харж хэсэг зогсоод эргэж хуйлран хийсэх шороон шуурган дундуур харихаар алхав. Юм гэдэг ийм амархан байсан юмуу гэсэн хүнд бодол сэтгэл өвтгөн, биений маань тал чигээрээ эзгүйрчих шиг санагдах нь үнэхээр хэцүү байлаа. Хатуу цөлд сүүлийн балга усаа уух гэж байгаад алдаж асгаад, тэр нь элсэнд шингэн алга болох шиг эцсийн ганц найдвараа барсан би хамгийн нандин зүйлээ ийм амархан үгүй болсонд итгэж өгөхгүй, харуусал цөхөрөлөөр дүүрэн сэтгэлээ арагдаж ядан өөртөө “үгүй”,” үгүй” гэж дахин дахин хэлсээр явлаа.
Машины сигналын дуу хэд дахин дуугарсанаа араас нь залгуулан “хөөш новшоо дугуй нөхөх гээгүй бол замаас холдооч” гэхийг нь сонсоод эргэж харвал мөнөөх гялалзсан хар машинтай Норжинг эргүүлдэг дэгжин залуу. Моторых нь дуу сонсогдох төдий ганган машинаараа араас тулган ирээд сигналаа орилуулсныг түмэн зүйлийн бодолд дарагдсандаа анзаараагүй бололтой. Машиныхаа цонхоор толгойгоо цухуйлан надруу
- “Чи чинь дүлий юмуу замаас зайлаач” гэж омогдлоо. Нэг хэрэлдэх гэснээ биеэ барьж замаас гаран зогсвол, хажууд машинтайгаа зэрэгцэн ирээд, муухай харан, дугуй нөхөж гай болох гээд байнуу чи гэснээ шүлсээ сурмаг гэгч годхийлгэн хаяв. Сая л орчноо мэдрэн бодлоосоо хөндийрч чадсан би өдөж байна гэдгийг нь мэдэн гэнэт уур хүрэн
- Энэ чинь явган хүний зам байгаа биздээ. Сохорчоогүй юм бол хараач чи гэхэд
- Яахнав гээд дуугай яваад байсан энэ муу гөлөг чинь хэмээгээд яах ийхийн зуургүй өнөөх залуу буугаад ирлээ. Энэ сацуу түүний араас нэмж гурван залуу машинаас гарч ирэв. Бүгдийг нь тойруулан харвал учиргүй дийлдэггүй юмаа гэхэд хэн нь ч намайг амар зодож чадахааргүй бие хаатай залуучууд байлаа. Наад муу бандиа алаад өг хэмээн савхин хүрэм өмсөж хууз хар сахал тавьсан надаас нилээд хэд ах байрын залууг хэлэхэд нь би
- Та нар айгаагүй бол нэг нэгээрээ үзчих. Эр хүмүүс байж нэгнээ нохой шиг боорлох муухай гээд курткаа тайлан хаяад ганган залуу руу ханцуй шамлан дөхөх зуураа мөнөөх хууз сахалтай залуу өөд дараачийх нь чи шүү хэмээн шүдээ зуун хэлээд хуруугаараа заалаа.
- Наагий наадхаа алаад өг! Чам шиг юманд бидний нэг л хангалттай. Яасан ч их дуутай банди вэ! хэмээн өнөө сахал үсэндээ баригдсан залуу хэлэх нь сонсогдов.
Байранд амьдарсан хэдэн жилд ном эрдэм сурахаас гадна баргийн аавын хүүгээс дутахааргүй сурсан нэгэн эрдэм нь зодоон байсан юм. Ганган залуу үсчиж цовхчоод л байхаас гарын бяд муутай нь амархан мэдэгдлээ. Ганц нэг цохиулсан дүр үзүүлэн займчаад хоёр мөрнөөс нь базан авч цээжинд нь ганц өвдөглөөд эвхрэн ирмэгц нь гуядаж унагаан дээр нь гарч суугаад гараа далайн нэг цохих гэснээ болиод эргэж харах гэтэл баруун шанаа руу нэг юм тас гээд явчлаа. Хүнийг дандаа л сайн хүн шиг санаж, тэднийг хэлсэндээ хүрнэ гэж бодсон гэнэхэн итгэл маань талаар болжээ. Намайг амархаан зодчихно бас өөрсдөөс нь айна гэж бодож байсан тэд байдал ийм болно гэж санаагүй бөгөөд нэг нэгээрээ зодолдох юм бол амаргүй гэдгийг ойлгосон бололтой. Толгойдоо хүчтэй өшиглүүлсэн би нүүрээ л хамгаалах хэрэгтэй гэж бодовч аль хэдийн хүнийх шиг болон захирагдхаа байсан хоёр гар эвлэж өгсөнгүй. Дух руу нэг юм сэрүү татуулан урсах нь цус бололтой. Шинэхэн суулгасан улиасны нүхний ирмэг тойруулан асгасан бор шороон дээр нүүрээрээ харуулдан унаад, аманд орсон шороог шажигантал шүдээ зууж, амьсаглах тоолонгоор шороо пурхийхийг нь харах тэрхэн зуурт, элэг бөөр гээд хаа дайралдсан газар өшигчин, зэрэлгээр орилолдох тэдний дуу бүдгэрэн бүдгэрсээр чимээ тасархыг нь бүүр түүрхэн мэдэрч өөрийн эрхгүй ухаан тавилаа.
Үргэлжлэл бий

Сэтгэгдэлүүд:
САйхан бичсэн байна шүү.
shalgaltuudaa uguud duusgachixlaa, margaash gertee xarina. xed xonog amraad butsaj irex bxdaa. bayarlalaa
urgeljluulj unshnaa
Goy boljee.. Harin Norjin odoo nogoo muu Gangan zaluugaa yamar novshiin amitan baisniig medeed chamtai yerheh baihaa aaan ?
Bas ovoo urtig oruulsand ih bayarlalaaa... Erteer neeren 3 byleg yavaad duusna gesen abisan chin dahin yrgeljlel bii gesend saihan sanagdchihlaaa :
Ene Cedka giinh hichneen hyyhedtei boloo bol doo ?
Ажил хичээл гэд зав гарахгүй байна. Дараагийх нь нэгдэх өдөр гарнаа
ene heseg ih orovdoltoi boljee. Baadaig uruvduud baahan uillaa, bas ter Norjin unen chanartaa chamd hairtai bhaa tegsen hirnee ih zan ni diileed bgaa um shig bna te ho? SUPER -GOOGOO BOLSON BAINAA BCHIEED BGAARAI!!! AMJILT !!!
Сэтгэгдэл үлдээх: