" Бүсгүй "

Алгуур алгуураар үүрийн гэгээ манхайж, гүн харанхуй шөнө өглөөний цагаан гэгээнд уусан одлоо. Цонхны цаадах өвлийн өглөө. Зөөлөн цагаан цасан ширхэгүүд алгуурхан доош унаж, анир чимээгүй орчлонгийн өнгийг цагаанаар будна. Хар зам, ногоон гацуур, тэр ч байтугай харах тоолон хүйтэн царайтай хөршийг санагдуулдаг  байшингийнх нь  нэлэмгэр саарал дээвэр хүртэл цагаан. Саявтархан нүүж орсон байрны шалан дээрх шинээрээ агаад өтгөн сахлаг хивсэнцэр хөлийн уланд таатай хэдий ч саарал өнгө нь цаанаа л нэг хүйтэн. Өргөн хүрэн модон орон дээр хүүхэд мэт амаглан нойрсох Жавхаа ид шүлэг нойрондоо буй бололтой. Хамаг хөнжлөө биедээ ороож унтдаг түүнэээс илүү гарсан жаахан хэсгийг нь л  Бурмаа нөмөрч унтжээ. Том модон хайрцаг бүхий босоо  цаг өглөөний таван цаг болсныг зааж, эхлээд шуугиж байснаа “дүн, дүн” гэж нэгэн хэмээр хонходлоо.

           

Шөнө бараг унтаж чадсангүй. Эрт эдүгээ хийгээд үлдсэн амьдралаа бодож, гудамжны гэрлээс өөр гялайх юмгүй, сэтгэл үймсэн шөнийг хором хормоор элтэлж. Цонхоор харж удаан зогссоор чилсэн хөлөө амраахаар орны ирмэг дээр суунгаа намхан модон ширээн дээрээс толь авлаа. 

Хорь гаруй насны, нүдэндээ инээд тодруулсан, жаахан бор охин ирж байсан нь аль цагийн юм болж. Үс нь  зулай дээрээсээ  сүрхий шингэрч, хүзүүний арьсанд үрчлээ суун, царай цайвар зүс тунгалаг хэдий ч нүдний гал илт цогшсон, гуч гаруй насны, ажлыг ёстой нэг шижигнүүлдэг байхдаа гэмээр, мах шөл ч үгүй, ядрангуй царайтай, туранхай бүсгүйг харлаа. Бурмаа уртаар санаа алдаад босож цонхоор дахин ширтэв.

Ихэвчлэн Бямбаагийн тухай л бодсоор уртаас урт шөнө өнгөрчээ. Бодоход хүртэл гэгээлэг дурсамж нь наашаа гэх хүн үгүй болсон харь холын энэ газар гудамжны гэрэлээс ч илүүтэйгээр сэтгэл сүлж хононо чинээ санасангүй. Годгор жаахан охин гэрлэж байснаа. Бас охинтой болж байснаа. Төрсний дараа охиноо хөхүүлээд сууж байхад Бямбаа гүн цэнхэр өнгийн халад өмсөөд, үсэндээ авгай нар шиг углааш угалчихсан, их сүртэй хүн орж ирж байсан нь санагдан өөрийн мэдэлгүй инээмсгэллээ. Хүдэр бадриун бие, эгэл боргил төрхтэй тэр маань ханийн хувьд ижилгүй налгар хүн байжээ.

“Хайртай” гэж хэлэх гэж мөн ч сандарч билээ. Бурмаагын гэрийн гадаах тоглоомын талбайн намхан вандан дээр зэрэгцээд сууж байхдаа  “чамд намайг гэсэн сэтгэл байх юм бол чинийхээ төлөө л гэж амьдрана шүү“ гээд  царай нь час улаан  болсон нь  тод санагдана. Хүнд огт худлаа хэлж чаддаггүй хүн шүү. Элчинд хоёр удаа ороод л халширч “одоо больё! зүгээр л чи минь хүрээд ир” гэж билээ. Хүмүүс олон удаа орж виз хөөцөлдөж байгаад гараад ирж байхад чи л гээд.. намайг хашигчиж байхад дуугүй сонсож байснаа: Бид чинь  тэр хүмүүс бишээ. Чи минь охин бид хоёртоо хүрээд ирэлдээ. Бид болоод л байсан. Юу дутлаа гэж хүний өмнө дальдчиж зогсох вэ? Одоо тэгээд ч охин минь сургуульд орлоо гэж аргадсан өнгөөр хэлэхэд нь угаас түрэмгий, дураараа зангаараа эз дийлэн, өч төчнөөн хүмүүс энд сайн сайхан амьдарч байна. Чи гэж унхиагүй юм наад хэдэн модоо нүдээд, хүн хүнд зарагдаад явах чинь жаргал юм бол тэгээд наанаа үлд. Ядаж үр хүүхдээ боддог байгаадаа хэмээн үг сүггүй загнаж, тэнэг мангар, заль сүйхээгүйгээр нь дуудсанд баахан  гомдсон уу яасан нэг хэсэг л  утсаар яриагүй. Арга ч үгүй биздээ ярих тоолон загнаж зэмлээд байхаар..

 

            Бурмаа угаас баахан шазруун зантай. Өөрөө яаж ийгээд чадах юм байвал хүн гуйж царай алдахыг хүсдэггүй. Биеэр жижиг хэдий ч өөрийн гэсэн үзэл бодолтой, уншсан дуулснаараа хэний ч доор орохооргүй бүсгүй. Их сургуулиа үнэлгээ сайтай дүүргэж, нэг төгсөлтийхөн дотроо  “анааш Бурмаа”  гэхээр “аа тэрүү” гэж нүдэнд буухаар нэгэн болсон байлаа. Биеэр жижигхээн хэдий ч бүхнээс түрүүлэн тэмцээн уралдаан, урлаг спорт гээд аль зохиогдсон бүхний манлайд нь явах болсноос “анааш” гэдэг гадаад байдлаасаа тэс өөр  нэрийг үеийхнээсээ гардаж. Их сургуулиа дүүргэн хивсний үйлдвэрт чанар шалгагчаар очиж, дараа нь дэвших  зуураа Бямбаатай танилцан араасаа нилээд гүйлгэж, дуу муутай, сэргэлэн цовоо биш хэмээн  голонгуй байсан ч нэг л мэдэхэд дасаж орхиод сууж билээ.  Хотын захад хоёр өрөө байр, хуучин ч гэсэн солонгос машинтай болж, охин нь төрж, зургаа долоон жил яахын зуургүй өнгөрч.

Гарын дүйтэй Бямбаа нэг юм хийхээрээ  улайран эцэст нь тултал хийх гэж зүтгэн өөрийгөө  зовоон, хүмүүс тэр занг нь ашиглан юмаа сайтар хийлгээд хөлс мөнгөн дээр нь луу унжина. Угаас томоотой нөхөр нь  юу ч эс хэлэн тэгэх ёстой юм шиг л байх бөгөөд дараа нь дахиад л нөгөө хүнээсээ ажил авч үргэлжлүүлэн зүтгэх нь Бурмаагийн тэвчээрийг үнэхээр бардаг байлаа. Чи наад хийх юмаа жаахан ч гэсэн аргалаад өөрийнхөөрөө амарчлаач! Тэртэй тэргүй наад хүн чинь хөлсөн дээрээ унжина даа гэхэд өөдөөс харан инээмсэглээд дуугай л байх бөгөөд эцэст  загнахаас нь залхдаг уу,  дуугай байснаас гэж боддог ч юмуу

            - Хүний юмыг үнэнч хийнэ гэдэг чинь  ажилтай байна гэсэн үг. Тэр чинь л амьдрал шүүдээ хэмээн цагаан шүдээ яралзуулан гэмшингүй инээмсэглэнэ.

            -  Хн хаа байна чиний тэр ажлын буян хэмээн ямарч зовлон зүдгүүр, хэцүү бэрхийг үзээгүй сэтгэл амгалан амьдралдаа харалган болсон Бурмаа орилж  цамнан уурладаг байжээ. Дуу шуугүй томоотой нөхөр нь хаяа уучихаад ирэх нь бий ч агсан согтуу тавин, эхнэр хүүхдээ айлгаж ичээх нь үгүй, гөлийтэл загнуулж байгаад л унтана. Маргааш өглөө нь эртлэн босоод хамаг юмаа цуглуулан угааж гарах бөгөөд банны өрөөнийхөө үүдэнд Бурмаа ташаагаа тулан амаа цангатал үгэлж өгдөг байлаа. Нэг удаа Бурмааг ээж нь дуудан хажуудаа суулгаад цай аягалж өгөнгөө аргадсан өнгөөр

            - Миний охин, цаадах чинь эр хүн юм хойно ууж идэх юм байлгүй л яахав. Эр хүн гэдэг чинь хийх юм нь тусдаа хэлэх үг нь өөр хүмүүс байдаг юм. Чи дэндээд л байна даа. Ээж нь ч мэдэхгүй юм. Цаг ч өөр болж, Бид ч ууж идэх, өмсөх зүүх, унаа машин гээд юм юмаар л дээшилжээ. Гэлээ гээд улам л цаашлаад байгаа юм шиг санагдаад байх  юмдаа. Чамайг ганц охин юм гээд аав бид хоёр чинь  нилээд эрхлүүлсэн бололтой. Чиний буян заяа чинь дийлэх л юм байлгүйдээ гэсэн учир битүүлэг үг хэлэхэд нь юу ойлгуулах гэснийг нь сайн ухаагүй Бурмаа тосгуулан нөгөө л хэдэрлэдэгээрээ хэдэрлэж,

 -  Ээж минь дээ та юу ярина вэ? Одоо чинь тэгж эмэгтэй хүн л гээд гэрийн ажил хийж байдаг цаг өнгөрсөн, тэгээд ч манайхаас бусдын амьдарлыг хар энэ чигээрээ л байх юм бол мөд л гуйлагчингуудын тоонд орно гэснээ өөрийг нь биш Бямбааг өмөөрсөн ээждээ гомдох шиг болж билээ. 

 

Анхлан энэ харь улсад хөл тавихдаа мөнгө гэдгийг даруйхан шиг олж шуналаа дараад, өөртөө нэг машин ачуулаад буцна гэсэн гэнэхэн бас тэнэг мөрөөдөлдөө дөрлүүлэн бууснаа саналаа. Авхаалж самбаагүй найз нөхөд муутай, хүнд таван үг бүтэн хэлж чадахгүй хэмээн Бямбааг баахан мэрж байснаа, ерөөсөө би л гадаадад гарч хэдэн цаас хийе гэж сэтгэл шулуудсан нь тэр. Ажлын газрынхаа залуугийн таньдаг хүн гээд хэд хэдэн хүн дамнуулан хөөцөлдөж, дээрээс нь хамаг юмаа зарж үрэн байж  арай л гэж нэг юм хүсэж мөрөөдсөн харь улсдаа хөл тавиад, өнөөх нүдэнд үзэгдэж гарт баригдах шахсан их мөнгөний аянаа эхлүүлээд зургаан жил өнгөрчээ.  Хүнээс  үг сонсож, хар ажил хийж үзээгүй Бурмаа гал тогооны ажилд орж хүнд загнуулан гар хөлөө түлж, хэрэндээ чармайн хурдан хөдлөвч удаанаараа  дуудуулан шантарч, буцья гэвч ардаа овоолон овоолон ирсэн тэр их өрнөөсөө хагасыг нь атугай төлөөгүй нь бодогдон шүд зуун тэсэхээр өөр сонголт даанчиг байсангүй. Энэ бүхнээ эргээд бодохоор эвэршсэн хоёр алга, халуун тосонд түлэгдэж цоохортсон арьс нь хорсох шиг санагдана. Хүний газар ганц бие бүсгүй хүн юу эсийг үзэхэв. Ажлынхаа хүнд хэцүүг утсаар ярих тоолондоо уйлж дуулан Бямбаад үглэж, цаадах нь угийн дуугуй дээрээ тас дууграхгүй байх нь  өөрийг нь ойлгохгүй байгаа юм шиг санагдаж, хамаг муу үг бүхнээ гаргаж загнаад нэг юм тайвширдаг байлаа. Эхний хоёр жил алаг үр, хүлээсэн эр нөхөртэй хэмээн сэтгэл бие хоёроо чандлан хорьж, нэг тусыг хүргээд л унтахыг шалах нь халаг, хошуу цорвойх эрчүүдээс зугатаж байсан ч цаг хугацааны эргүүлэг санаснаар нь болгосонгүй. Бурмаагийн огцом ширүүн зан, өөртөө эрдсэн бардамналыг хүний газрын хатуу амьдрал алхам  алхмаар нуга даржээ.

           

Монголоос дөнгөж ирсэн гэх туранхай өндөр цагаан залуу таних хүн байхгүй, дээрээс нь хэл ус төдийлэн сайнгүй бөгөөд ажилдаа халширч, гэр орноо сүрхий санаж байгаа бололтой гундаад явчихыг нь хараад зүгээр байж чадсангүй, бага ч гэсэн тус хүргэхийг бодож. Нутагтаа эхнэр хүүхэдтэй Жавхаад өөрөөс нь арай эгчмэд боловч харь газрын амьдралд хөлөө олсон эмэгтэй хүн хэрэгтэй нь мэдээж байсан тул “сэтгэл” энэ тэр гэж нээг их ярьсан зүйлгүй нэг л өдөр Бурмаагийнд нүүж ирээд хамт амьдарч эхэлсээн.

 Харин Жавхаа Бямбаагаас газар тэнгэр шиг л өөр хүн байлаа. Нүдэнд дулаахан, боловсролтой, ярьж хэлэх нь мэргэн цэцэн, хүний арга эвийг сүрхий олох бөгөөд хаяа оройтох тэр ч байтугай охидууд утсаар нь залгахад хүртэл Бурмааг амархаан аргалж, нээрээ тийм байлгүй гэж бодтол нь ятгаж дөнгөнө. Бурмаагаас үзсэн дуулснаар хувь илүү, дээрээс залуу хүн тул  англи хэлийг дороо л сураад, хийдэг ажилаа сольж, хөл дээрээ түргэн тогтсон нь бас ч гэж бахархууштай.

Утас нь дуугарч Монголоос залгах  бүрийд нүд амаа том болгон чш.. гээд гараараа дохиж занган гарч одох Жавхааг хүний хүн гэдгийг нь ойлгохын дээдээр ойлгож, хардаж харамлах эрх үгүйг мэдэж байвчиг зүгээр л орхиод яваад өгч чадах хөг нь нэгэнт өнгөрсөн байлаа. Данс тооцоо тусдаа, өөр өөрсдийн гэсэн гэр оронтой хэдий ч нэг гэрт толгой холбон энгэрээ нээж, сэтгэлээ сэмлэсэн Бурмаа дасаж, дагадаг амьдарлын жамаар  хайр дурлалын тухай биш ч ганц нэг зөөлөн дулаан үг олж сонсохыг хүсэвч Жавхаа тийм бишээ. Яриагаа хөөрхөн дүйвүүлээд, болоогүй байгаа гэж ойлгуулах буюу эс бол тэс өмнөө юм ярьж эс бол дараа хэмээн хойшлуулна. Бямбааг загнадаг шигээ загнах гэж хэд хэдэн удаа оролдоод үнэхээр чадахгүйгээ мэдрэн анх удаа л өнгөрсөн амьдарлд нь гэрэл гэгээ, зүрх сэтгэл өөр юугаар ч солишгүй эрхэм “нандин юм” байсныг өөрийн эрхгүй мэдэрч билээ..

 

            Хэдэн хоногийн өмнө Бурмаа амьдардаг байрныхаа ойролцоо мөсөн дээр шинэхэн цас орсныг мэдэлгүй хальтарч унан гараа эвгүй болгоод хөөцөлдөн байж эмнэлэгт үзүүлсэнд, хүнд юм өргөж болохгүй, яс нь гэмтсэн тул хэд хоног гэртээ суу гэсэн юм. Ингээд сүүлийн долоо хоног гэртээ байхаас өөр аргагүй болоод Жавхаад хэлтэл тэрээр гөлчийтөл нь самнасан үсээ нямбай нь аргагүй илээд нүднийхээ шилийг аван өрөөний гэрэлд барьж зүлгэх зуураа нэг л хөндий хүйтэн өнгөөр,

            -Өөрөө л мэдэхгүй юудаа. Хэд хоног амраад авах ч муу юм юу байхав гээд  угаас цэвэрхэн нүднийхээ шилийг зүлгэж дуусав бололтой сая л нэг Бурмааг эгцлэн харж, миний машины төлбөр дөрвөн сарын дараа дуусна. Энийг Монгол руу ачуулнаа гэж хэлээд ярих юм дуусаа гэсэн шиг босож орлуугаа алхж билээ.  Урьдах амьдралдаа элдвийн санаа сууж амжаагүй Бурмаа энд ирээд бага зэрэг санаа сууж хүнийг гадарлахтайгаа болсон ч Жавхааг яагаад тэр тухай өөрт нь ярьсан болохыг сайн ойлгоогүй. Харин өчигдөр орой дахин эмнэлэгт үзүүлээд, нэмж нэг, хоёр долоо хоног гэртээ суухыг эмч зөвлөснийг нь дуулгахад Жавхаа өөдөөс нь хурц нүдээрээ эсгэх адил харж байгаад,

            - Би байрны мөнгө ганцаараа төлж чадахгүй. Нэгэнт хамтран амьдрагч юм чинь чи төлөх л ёстой. Тэгээд ч би машинаа Монгол руу ачуулах гэж байгаа болохоор одоогоор боломж алга гэж эрслэн хэлээд, урдах сониноо авч уншихыг нь хараад  Бурмаа үнэхээр гомджээ. Дөнгөж энд ирээд яаж ч чадахгүй наашаа гэх хүнгүй аргаа барж явсан Жавхааг хажуудаа байлган, хэд гурван сар байр хоолны мөнгөөр нь тэтгэж байсан ачийг энэ хүн ийм хурдан мартах гэж хэмээн бодоод, чаддагаар нь уйлах гэсэн боловч хүнд нулимсаа үзүүлээд яахав гэж боддог зангаас нь үлдсэн сүүлчийн ганц бардамнал юу юугүй мэлэмрэх дөхсөн нулимсыг нь хорьж тогтоосон билээ. Тэгээд учирлаад ч болов ойлгуулчих санаатай,

-Надад одоогоор мөнгө алга. Чи мэдэж байгаа шдээ гэж аядуухан хэлэхдээ  хоолой нь чичрэн дууных нь өнгө үл мэдэг сааралтаад явчихав. Сүүлийн хэд хоног ажилгүй, дээрээс нь эмнэлэг гээд хамаг мөнгөө.. хэмээн үгээ дуусгаагүй байхад нь Жавхаа дүрсхийн уурлаж цааш эргэн ширээнийхээ нүднээс дугтуйтай зүйл гарган шидээд,

 - Мөнгөгүй гэж хэлээд байгаа юм шүү. Энийгээ надаас нуугаад хаашаа зайлна гэж бодоов. Хүний газар нэгийгээ шулж амьдрана гэж байхгүй. Би лав чадахгүй гээд ширээ сандал өшигчөн уурлаад, унтлагийн өрөө рүү явах гэхэд нь Бурмаа мөчөөгөө өгөлгүй

-  Би чамд ямар их тус болж байсныг чи мартчихлаа гэжүү гэхэд Жавхаа өөр лүү нь эргэн, амь тавин тарчилж  буй хулганыг шохоорхон харах муур шиг толгой үл ялиг гилжийлгэн хорсолтой нь аргагүй харж байснаа таслданги бөгөөд үг бүр нь цаанаа л нэг дээрэлэхсэн маягаар

- Тэгэхэд хэн хэнийх нь л хэрэгцээ байсаан. Би ч чамайг бас гомдоогоогүй санагдана. Надаар нилээд үйлчилүүлээ биздээ гээд өрөө рүүгээ орж хаалгаа тас хийтэл хаахад арай ч ингэхгүй гэж бодож байсан итгэл найдварын сүүлчийн гэрэл, тас хийтэл хийгдсэн хаалга мөргөн унах шиг бөхөж, хий л цээжиндээ хурсан гунигаа хөнгөлөх гэж уртаар санаа алдсан ч юу ч өөрчлөгдөсөнгүй.  Шалан дээр унасан дугтуйг эргүүлж тойруулан хараад, өөрт нь хэд хоногийн өмнө ирсэн банкны мэдэгдэп байхыг  харлаа.

Бурмаа дөнгөж ирээд нөхрөө хүүхдээ санан хажуу хавирганы хүмүүст мэдэгдэхгүйг хичээн орондоо уйлж хонодог байхдаа “гэнэт буцвал буцна” хэмээн сар бүрийн цалингаасаа онгоцны үнэ гэж хэдэн цаас цааш хийж, өөрөөсөө ч нуух нь халаг байсан нь энэ. “Чи яагаад надад хаягласан захиаг” гэж уурлан араас нь орох гэснээ  Жавхаа уурлахаараа бас яаж ч магадгүйг санан зог туслаа. Жил гаруйхны өмнө нэгэн үдэш Жавхаа архи үнэртүүлчихсэн орж ирээд, охид хүүхнүүдрүү залган, согтууран инээд хөөр болоод байхаар нь Бурмаа тэсгэлгүй Бямбаад уурладаг үеийнхээ зангаар ширүүлж орхиод нэг сүрхий алагдуулсан. Жавхаа өглөө нь согтуу хөлчүү байснаа гайхан алмайрч,  үй түмэн уучлал хүссэн уран цэцэн үг урсгахад тэгэсгээд тайвширсан хэдий ч, нээх согтуу байгаагүй гэдэг нь илт байсан, дээрээс нь эндээс гараад очих газар оллоо ч нэг хэсэг л салхинд туугдсан өвс шиг явахаа мэдэж байсан болохоор удаан тунирхалгүй нам жим болохоос өөр арга байсангүй. Харин тэр цагаас хойш Жавхаа яаж яваад одоогийнх шиг  ийм зантай болчихсон юм бүү мэд. Нэг  л мэдэхэд ийм болчихжээ.

           Хаданд үг хэлэх, Жавхаад ойлгуулах хоёр одоогоор яг ижил болсон тул цаашид хэрхэхээ нилээд удаан тунгаагаад, эргэж ажилдаа орохоос өөр замгүй болсноо ойлголоо. Жаахан хүнд юм өргөхөөр шуугаар хатгуулан өвдөх бяд муутай гар нь улам тамиргүй болсон болохоор, том том ууттай ангилж ялгасан хувцасыг өргөж тэргэнд хийх гээд олон цагын хүнд ажлыг амжуулахад бэрхтэй нь мэдээж хэдий ч өөр арга огтхон ч үлдсэнгүй.  Аль аль нь Монголд гэр оронтой татаас өгөх хань бүлтэй гээд олны хэл амнаас цэрвэж, нутаг нэгтнүүдээсээ дайжсан тул аван саван, эжий ахай болох хүн төдий л үгүй. Өөр өөрсдийн замаар  шилээ харсан Монголчууд уулзаад таньсан ч дуугарах нь ховор болохоор  өөрт тохиолдсоныг өөртөө л хадгалахаас яая гэхэв. Элээж барахааргүй амьдарлын хатуу, сэлж гарахааргүй зовлонгийн дунд унахаар, бүсгүй хүн гэдэг эр хүнээс ч илүү тэвчээртэй, эцэг хүнээс ч  нулимс холтой болдог ажээ. 

Өглөө болгон эрт ажилдаа явдаг Жавхаад халуун кофе бэлдээд сурчихсан зангаараа Бурмаа хөлий өлмий дээрээ чимээгүйхэн явж гал тогоонд очин сав суулгаа онгичлоо. Удсан ч үгүй Жавхаа босож ор шажигнуулан байснаа угаалтуурын өрөөнд шүршүүр шажигнан дуугарч усанд оров бололтой. Хэсэг байгаад цагаан цамц шуудангийн ажилчны дүрэмт хувцсаа өмссөн Жавхаа үүдний толинд өөрийгөө харан ганц нэг эргэснээ, гараа элгэндээ аван насанд дарагдсан эмгэн  шиг чимээгүйхэн  сууж байгаа Бурмааг нүднийхээ булангаар хялам хийн ажаад, хар цагаан дуугүй, хаалгаа тас хийтэл хаян гарч одлоо. Бурмаа босож цонхоор харвал гоёмсог хар жийп цав цагаан цасан дээгүүр хос хар зам татуулсаар булан тойрон алга болов. Машины арын хоёр гэрэл нүднээс холдон холдотлоо “чи ч яавал гэж” гэсэн  Жавхаагийн уурлаж цогшсон харц шиг л анивчин анивчан далд орлоо.

 Байрандаа ганцаар үлдсэн Бурмаа цонхоор ширтэн чимээгүйхэн зогсож байтал гар утасных нь дуу зүрх савлуулан огцом дуугарсанд авч харвал Монголоос байв. Аавын нь тэнхэл төдий л сайнгүй байгаа тухай ойрмогхон дуулсан болохоор утсаа дуугарах тоолон энгэр тушаа нь ширхийх шиг болдог болоод байгаа билээ. Хуруунынхаа өндгөөр зүүн хөхнийхөө доохон талд дарж хэсэг чагнаархан байснаа утсаа дэлгэн ярьвал сүүлийн хоёр сар залгаагүй Бямбаагийн зөөлөн эервүү дуу намуухан орох борооны чимээ лугаа адил чихнээ асгарлаа.

- Сайнуу? Ажил чинь сайн биздээ  гээд Бямбааг анирдахад нь сэтгэлд нь нэг юм огшоод ирсэн хэдий ч юу ч болоогүй өнгөөр 

 - Сайн  Аав ээж охин гурав зүгээр биздээ? хэмээн шуудхан асуулаа

 - Зүгээрээ гэж Бямбаа тайван хариулаад хэсэг шуухтинсанаа. Охин нь сая хэвтэж байгаад унтлаа. Ойрд чамайг л ярих  нь ихсээд байх юм гэснээ чамд дуулгах сонинтой сууж байгаа бид хоёр хэмээн урдын дөлгөөхөн Бямбаа нүдэнд харагдтал аядуу намуун дуугаар ярив.

 - Яасан? Юу тэр вэ? гэж шавдуухан асуусан Бурмаад өглөө гэрээсээ гараад орой ирэхэд нь тосож авсан Бямбаа гэр орны өдөр тутмын юмыг хүүрнэн байх шиг мэдрэмж төрж өөрийн эрхгүй шүүрс алдлаа.

- Охин маань өнөөдөр бүүр том охин болсоон. Аавдаа хэлэхгүй нууцаа царайгаа улайлган хэлээд би гарч юм хүм авчирч өгөөд. Сая жаахан ядарсан бололтой унтаад өглөө. Царай нь нилээд шингэрчихсэн ч юм шиг. Чамтай улам л адилхан болоод байнаа гэж залгуулан хэлэхэд нь юун тухай яриад байгааг нь сая л ухаарсан Бурмаагийн  нүдэнд нь хэл ам нь гүйцэгдэхээ больсон жаахан охин онгоцны буудал дээр гараа даллан үлдэж байсан нь харагдах шиг болж өөрийн эрхгүй аньсага нь чийгтлээ. Бямбаа:

- Найз нь нөгөө зуслангийн хашаандаа барьж байсан дүнзэн байшингаа барьж дуусгаад. Дотроо усанд орох өрөө, нойлийн өрөө гээд бүх юмтай, хэрэндээ л тохилог шүү хэмээн баярлангуй аястай өгүүлснээ гэхдээ яаж ч бодсон чиний ярьдаг  “хаус” гэдгийг нь гүйцэхэв дээ. Монголдоо бол дажгүй болсоон хөгшөөн хэмээн өөрөөрөө жаахан аргадангуй өнгөөр хэллээ. Хэлэх ярих тоолонд нь “аан”  “өө”  гэх зэргээр дэм өгч өөрөөр ярих гэхээр хоолой нь чичрэх гээд байсан Бурмаа арай л уужирч

 -  Аа тэгээ юу Охин маань том болж дээ. Чи ч уг нь нэг юм хийхээрээ хүнд хэрэг болохоор юм хийдэг шүү хэмээн урам өгөөд “өөр юу байна” гэж асуулаа. Анхандаа Жавхаагийн хажууд утсаа түргэн таслах гэсэндээ “өдөр болгон ярьж байхад” ярих тоолондоо л “өөр юу байна” гэж асуулаа хэмээн Бямбаад ууралдаг байсан Бурмаа өөрийн мэдэлгүй өөрөө тэгээд асуучихлаа.  Утасны чихэвчинд Бямбаагийн  санаа алдах нь сонсогдоод

- Өөрүү? гэснээ  хариу хэлэхийн завдалгүй, чи минь нэг ирвэл яасан юм бэ? Надад биш гэхэд одоо л чи охиндоо  хэрэгтэй цаг бололтой гээд араас нь залгуулан түгдчиж байгаад, би чамайг хэдэн жилийн өмнөөс дуулсаан, нэгэнт чи наанаа хүнтэй болсон бол би юу хэлэхэв дээ хө.  Гэхдээ уг нь охиноо л бодвол…  “Би сайн аав байх гэж хичээвч охин хүүхэдэд ээж шиг нь байж чадахгүй  юм шиг байнаа хө” хэмээн пал хийтэл нь хэллээ.

Хэзээ нэгэн цагт тулаад ирэх асуулт байсан хэдий ч “ингэж асуувал яанаа” хэмээн  сэтгэлдээ л шаналж байснаас өгөх хариултаа тунгааж яваагүй Бурмаа барьц алдан сандрав. Угаас дуу цөөтэй Бямбаа нэг ам нээсэн дээрээ гэх шиг үргэлжлүүлэн, надад ч одоо хань ижил гэж юу олдохов дээ. Анхны хань, анхны амьдарлаас өөр илүү юм юу л таараа аж гэж тойруу замаар нэгийг сануулах мэт түг таг хийн, зөөж тавин ярьж байснаа гэнэтхэн ингэхэд “чиний бие зүгээрүү?”  Би чамайг гараа шохойдоод боочихсон явна гэж цаад шөнө зүүдлээд хэмээн асуулаа. Энэ хүртэл нь зөвхөн хүнтэй болсон уу  гэсэнд нь л хариулах үгээ бодож суусан Бурмаа биеэ даахаа байсан мэт өвдөгөөрөө суун тусаж сэтгэлд нь дааж давшгүй гэмшил төрөн өөрийн эрхгүй асгартал уйллаа...

 

Гадаа зөөлөн цасан ширхэгүүд  улам лавсан орж дун цагаан орчлонд  түрүүчийн явсан машины дурайтал үлдээсэн мөр юу ч мэдэгдэхгүй болсон байлаа....

 

 

 

 Rockford IL   01.07.2009

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Торой банди | 2009-01-08 08:54:01
За ингээд нэгэн шинэ өгүүллэг орууллаа. Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Сэтгэгдлээ үлдээгээрэй
2. nika (зочин) | 2009-01-08 09:08:09
mundag bichih yumaa.
3. freestyle529 | 2009-01-08 09:30:06
Үнэхээр их таалагдлаа.
4. BMR | 2009-01-08 11:17:22
сайхан болжээ
5. tagm (зочин) | 2009-01-08 12:17:37
Goy boljee,, Byyr haramsal torood yavchihlaaa..
Hichneen hynii amidral iimerhyy byydger zamaar temtchij baigaa bol doo ??? !! !

6. Торой банди | 2009-01-08 12:30:55
Харин тиймээ. Уг нь нэг хүн ч гэсэн ойлгоосой Нэг хүн ч гэсэн гэрлүүгээ хүүхэддээ буцаасай л гэж бичсэн юмаа. Мөн ч олон гэр бүл сарниж мөн чолон амьдрал хоёр талд байндаа.
7. TTT_5599 | 2009-01-08 12:57:41
GOY BOLJEE.
8. Tsolmontuya (зочин) | 2009-01-08 13:46:19
tani baingiin ubshigch shuu! Anhnii hair udahgui oruulna bizdee turuuniih n nileen udsan shuu keke amjilt husie
9. a_bagana | 2009-01-08 13:46:50
uneheer nudend haragdtal bichih yum aa. ene urgejilhegui biz dee
10. gerel (зочин) | 2009-01-08 16:04:10
Iim saihan er hyntei ychirj yylzyylsan darigangdaa baiarlalaa.
11. bibi (зочин) | 2009-01-08 17:02:12
iim amidraltai humuus olon bii shuu goyo bichsen bna. amjilt husie
12. bibi (зочин) | 2009-01-08 17:02:12
iim amidraltai humuus olon bii shuu goyo bichsen bna. amjilt husie
13. tungaamnh | 2009-01-08 18:37:31
хөөөх ямар мундаг бичдэг хүн бэ...өмнө нь орж ирж байгаагүй юм байх даа..ахин дахин уншлаа, үнэхээр их таалагдлаа
амжилт хүсье
14. Callylily (зочин) | 2009-01-09 14:20:17
Bayarlalaa. Uuniig l olon hunees mederdeg, hestuu bdag.
15. Callalily (зочин) | 2009-01-09 14:20:53
Bayarlalaa. Uuniig l olon hunees mederdeg, hestuu bdag.
16. oyunaa (зочин) | 2009-01-09 15:09:32
hi, ih goy bichjee. asgartal uilah shahlaa.
AMJILT HUSIE.
17. Өвлийн өвөө anjigai | 2009-01-10 00:49:04
Анхны хайр 8-ийн үргэлжлэлийг хүлээгээээээд л байгаа шүү.
18. Наргил | 2009-01-10 01:04:39
Анхны хань, анхны амьдарлаас өөр илүү зүйл хаа байхав.Одоогийн залуусын гэр бүл дунд элбэгшсэн бодит амьдралыг сургамжтай сайхан бичжээ.Амжилт хүсье
19. zochin/Dis/ (зочин) | 2009-01-11 00:14:14
minii amidraltai zarim talara tustui yumaa,tiim bolohoor ch ter yumuu uilan uilan unshlaa,bayarlalaa,udahgui hairt hanidaa ohindoo ochih ter tsagiig huleej bnada.
20. zochin (зочин) | 2009-01-13 15:19:01
uneheer taalagdlaa
21. sundmn (зочин) | 2009-01-14 15:34:14
TOOTOI BANDIA CHI UNEHEER BICHIH AVIYASTAI YUM AA.NAAD AMIDRAL CHINE GADAADAD AJILLAJ BUI MGL CHUUDAD BARAG L 90 HUVID NI TOHIOLDOJ BGAA GEHED HILSDEHGUI. ZA AMJILT
22. khulan (зочин) | 2009-01-18 09:29:00
eo estoi setgel semleed haychlaa saihan boljee olon ail eleg buten amidraasai unuudruus ehleed baingiin unshigch bolloo shu bayarlalaa
23. Herlen (зочин) | 2009-01-20 00:54:28
Tsasan deer uldsen mur lavsan orson tsasand yu ch uldehgui arildag ch setgeld uldsen sev tiim ch amarhan arilahgui l bolov uu daa. Mash emzeg bolood heregtei sedev bna, hun huniigee, hani ni hania hairlaj yavbal . . . Burmaa yasan hatuu emegtei ve, burhaan.
24. Gana (зочин) | 2009-01-24 17:51:09
Hi dear
Goyo uguulleg bnaa, manaid ch iimerxuu sain zaluuchuud ch bas olon bdag shu, zarim exneruud neg l amidralin tuluu temtsegchiin durd xeterxii toglood bdgiimaa. Xair, nuxur, xuuxed, xalamj, xaluun dulaan orchin l xamgiin saixan shu
25. busgui (зочин) | 2009-01-31 14:30:20
Bodit amidral, dursamj, tuuh ali ni ch bailaa gesen ene buhniig setgeldee tusuulun urguulan bodoj, uuriin sanaag oroltsuulan iim saihan bichver bolj tavna gedeg uneheer ih aviyas chadvar shuu. mash ih taalagdlaa bas uillaa heseg hugatsaand ene amidrald ochood ireh shig bolloo. amjilt uragshaa!
26. secretwish (зочин) | 2009-02-08 20:20:54
ямар гоё өгүүллэг вэ, сэтгэл хөдлөчихлөө, найз бүсгүй минь энэ блогийг уншаарай гээд байхаар нь орж үзлээ, таалагдлаа шүү, гоё бичжээ
27. zula (зочин) | 2009-02-15 07:27:38
ta shuuu!! uneheer goe bichsen bn uilmaar

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.