Улаан хүзүүт салхи сөрөн үнэрлэж зүүнээ орших хэсэгхэн дэрс ороон гүдэн даван одсон хос хоёр улбааг сэжигтэй нь аргагүй ширтээд эргэж, ганц нэгхэн шивээний толгой шүүрэн бөөн дундаа орлоо. Сэрмэн сэрмэн явдалтай орог саарал гэмээр зүстэй шаргачин сүрэг захлах нь нэг л биш. Сүрэг ч гэждээ. Арай л тарга тэвээрэг авсан нь өнгөрсөн жил сувайрсан ганц муу шаргачин. Бусад нь хариугүй эцэнхий, дөнгөж гурван насыг дөтөлж буй борлон төдий юмнууд, борви нь тэнийх аядаж буй хэдэн янзага. Он жил улирах тоолон нүүх нутаг, суудлах газар нь малын хөлд дарагдаж, өвс бэлчээр дагахын аргагүй болсноос үхэж хорогдон, цөөнгүй нь хаврын хатууд чонын ходоод мялаагаад, бороо ховор, хоол багатайхан зуныг өнгөрөөж үлдсэн нь ердөө л энэ. Энэ удаа жил болгоны намар сүргэлдэг их сүргээ хайгаад олсон нь үгүй. Уг нь нэгэн цагт уул гүвээ нүүхнээ гэмээр бор шаргал зээрийн сүрэг талын энгээр тэнгэрийн үүл буусан мэт нүүгэлтэн бэлчээрлэдэг нь одоо ч домог болжээ. Өвөг нь эцэг нь гээд л хурц босоо эвэртэй, сүрлэг сайхан амьтад байсан нь эргэх дөрвөн улирлын хатуугаас илүү хүн гэгч араатны шидийн хүчний өмнө байгалаас заяасан ов заль, арга ухаан, өөрийн эрхгүй хүчин мөхөсдөж амь алдацгаасан билээ. Ирэх өвлийг даван, шаргачингууд бөөнөөр төллөх, янзган зүс хэмээх хаврын бүлээхэн бороотой золгоод авбал сүргийн тоо толгой сүрхий нэмдэггүй юм гэхэд эр сүвтэй амьтаны тоо хэдээр тоологдоно. Хэрвээ газрын гай таарахгүй бол энэ нь хар бор тойрмын говь, Шаргын сүр ихт уулын ар хөндий гээд хаяагүй сарниж одсон их сүргийн үлдэгдэл эргэж өсөж үржихэд нь ихээ нэмэр болно.
Ижилд нь заяасан эвэртэй болгон хядуулж дуусасны удаах жил нь хаа газарынх нь бүү мэд, бахим биетэй, хөлийн хурдаар төдийлэн сайнгүй ганц ооно ирж нийлэн, угаас сортоотой эр сүвтэн нэгээхэн ч үгүй сүргийг өөрийн дураар залан нэгэн өвлийг авсан агаад, ухаан муутай удирдагч ямар гай тарьдагийг харуулсан нь үлдээд байгаа энэ хэдэн борлон, ганц нүүдлийн хатираа даахгүй чих нь сармайсан хөгшин шаргачингууд. Олон шаргачин дунд орохоор угаас эвэр сүрээ муутай, хүхээ гэж бараг үгүй, бахим биетэй, үсэрч харайхын хувьд хээлтэй шаргачингаас илүүгүй тэнүүлч ооно, хүн гэгч амьтны хурц нүдэнд шаргачин шиг л харагддагаас өдий хүртэл амь тээсэн бололтой. Сүргийнхээ ихэмцийг алддаг намрын дуулиан, мөнөөх гайтай тэнүүлч удирдагч, яагаад тийм болсон нь үл мэдэгдэх нэгэн жигд овон товон нугчаа суусан их талыг орхин гарч хондон дэрснээс өөр бөртийх ч бараагүй уужим хөндийг зүгэлхээр шийдэснээс болсон юм. Цас арвин, шим муутай ч хоол байхад хөндийн салхи амталж сөлтэйгээ хатсан бог гоочилхоор шийдсэн түүнтэй голоо тасартал мөргөлдөөд аргагүй нас гүйцсэн эр амьтны хүзүүний бяранд хэд олиулаад сүргээ найр тавихаас өөр аргагүй болж билээ. Дөнгөж бартаа захалмагц энд тэндээс түс тас хийн дуугарч сүргийн тэн хагасаас илүүг аваад үлдсэн юм. Сүүлд амьд үлдсэн хэд нь цус сэвсний нялуун хөхүүн үнэр тээсээр сал сал шогшин ирж бөөгөнсөн нь одоо буй энэ зүүд зэрэглээ шиг л цөөн хэдэн амьтан.
Эцэг өвөгдийн үеэс л зээр, тарвага зурам, хэд гурван хар сүүлт билчдэг, бартаа саад үгүй, хаа холоос идэх, хөөцөлдөхөөр ирсэн араатан алган дээр тавьсан юм шиг харагддаг байсан энэ тал, шарилжнаас өөр ургамал үгүй, сул шороогоор нүдсэн, онгон талын амьтан хийгээд тэнгэрийн жигүүртэн тоож суудалхааргүй газар болсон нь мөнөөх хүн гэгч амьтны үйл. Гэсэн хэдий ч одоогоор тоо толгой цөөрч, ядарч туйлдан, хатаж хоцорсон хэдэн хоргол шиг болсон энэ сүргийг мэнд биш гэхэд тал хагасыг ч атугай нь онд оруулчих билчээр үүнээс өөр үгүй болжээ. Хоолой чийглэх цасгүй болчихгүй л бол сүрэг ус хайж эндээс гарахаас биш амь хадаглах сүүлийн найдлага шарилж шаваг голдуухан энэ бэлчээрээсээ барагтай л бол гарахгүй билээ.
Нэгэн цагт хэсэгхээн яваад л гол горхи, уур савсуулан хадаалсан булаг шанд бараг л хонхорхой болгонд таардаг байсан нь одоо бол ёстой л үлгэр түүх. Хэд гурван өртөө газар явж туурай элтэрэн, мөч мөлтөрдөгийн даваан дээр усны бараа харна. Энэ намар бас л төдтэй хүйтэрсэн нь үгүй. Задгай ус бараадаж хэсэг байгаад намрын анхны цас овоохон орж амны чийг гэж айхааргүй болоод сүрэг өнөөх шарилжит талаа бараадсан билээ. Гэсэн ч хатуу байгаль оруулж чадсан цасаа хайлуулж бас чаддагаа харуулж намрын сүүлийн сар шар шувтрах үед хэсэгхэн дулаараад гялтайх ч юмгүй болгож орхисон юм. Угаас гашуун ургамал дунд усгүй хоёр хоносон нь сүргийг тэртээх овгор товгор болгоны ар судгаар цайран харагдах цасны зүг хөдөлхөөс өөр аргагүй болголоо. Сүргийн ахлагч улаан хүзүүт салхи урин үнэртэж элдэв гаж буруу үнэр буй эсэхийг шалгаад судаг даган хаяагүй таарах дэрс шивээ голдуу ургамалаас үе үехэн сэрмэж алгуурхан хөдлөв. Цаад ухаа хөндий баруунаа нүүгэлтэх Баянцагаан хэмээх уулын ар шилэнд мөнөөх мөрөөдөл болсон цас тэнгэрийн үүлний өнгөөр солонгорч харагдах нь хүсэл болоод хяслан хоёрын аль альныг эз даллан дуудах мэт.
Дүнхэгэр том цагаан гэрийн гадаа хэсэг бүлэг эрчүүд тамхи татан сууцгааж нэг нэгийгээ догион чанга чанга хөхөрөлдөнө. Өглөөний нарны илч муутайхан хэдий ч хурц туяанд цоо шинэхэн “мотоцикл” өнгө будаг, яндан сэлт нь гялалзан сүр хүч, хурдийг гайхуулан юу юугүй цойлох гэж байгаа мэт. Олны дундаас өөрийн бие хараа өмссөн зүүснээр илт ялгарах барзгар хар нүүртэй, шөнийн гүйдэл сайн хардаг байх гэмээр нов ногоон нүдтэй тавь эргэм насны дүнжгэр эр завжиндаа зуусан ороодог тамхиа хэлэндээ нааж ийш тийш нь сэлгэх зуураа
-За нутгийн дүү нар! Ганц муу хүүгээ амьтны унаанд нүд дүүжлээд байхаар нь нэг ийм "эд" авлаа шүүдээ ах нь. Мялаагаад байна биз дээ хэмээн угаас арилжаа наймаанд дөргүй, гал хөс арчаа анхиа муутай бор гэрийн эзэд болох дорой хэдэн залууг цаашлуулаад нүдээ жийхайлган инээв.
- Сайхан "тэрэг" байна шүү. Дорж ах ч хүүдээ гараа нэг гаргаж дээ гээд намар оройн найранд үүдэн шүдээ бүлт цохиулаад эдгэж амжаагүй улаан буулиа ил гарган “гөлөмцүү” Наран хэмээх залуу хэлээд хажуудах руугаа дэм хайсан харц илгээв.
- Ирэх жил гурван дугуйт, цаад жил жаран ёс гээд Болор ч гарч өгөхийн биздээ. Танай хүү ч машин тээхник гэхээр нүдээ ухаад өгөхөөс буцахгүй залуу шүү хэмээн ганц тагш юмны ая бодож ирсэн “цоохор” Сүрэн ташуур өгөн шуугилдаж байтал олны яриан дундуур уяан дээр ирж чимээгүйхэн буусан саахалтых нь “сэмхэн” Нэргүй гэгч залуу хоолой засан чимээ өгөөд мэнд мэдэн суух зуураа
- Дорж ахаа хэмээн гэж гүйлэгнсэн хоолойгоор дуудаад хажуудах хүнийхээ тамхинаас гар сарвайн нэгийг аваад, өөр нэгнээс гал гуйна асааж утаа савсуулан хэдэнтээ уушиглаад залгуулан, өчигдөр орой энэ арын польноос(орхигдсон тариан талбай) ганц оонотой сүрэг зээр гарч яваа харагдсан. Өдгөө ч Баянцагааны баруун сугаад л байгаа байх. Та шинэ унааныхаа хурдыг нэг шалгана байгаа гэж илт зусардсан аялагаар хэллээ.
Угаас намба овор суусан хүн болох гэж эрүүнийхээ хэдэн сэрвэнг имэрч суудаг Дорж дотроо нэгийг бодон тэртээх уулын зүг харц илгээв. Гэрийнх нь зүүхэнтэй Доржийн өргөөд битгий хэл түлхээд хөдөлгөхөөргүй том савтай усыг сэв хийтэл өргөн буулгаж байгаа ганц хүүгээ бахархангүй харж, эвээр хийхгүй мангар золиг нуруундаа юм хийхэндээ гэж бодсноо хажуудах залуугын мөрөн дээр даран дэм авч босоод урд хөндийгөөр нэг цацсан будаа шиг тарсан хониныхоо зүг сарвчлан харангаа
- За хө үг олдож үхэр холдох нь. Цас орвол идшээ хиймээр байдаг! Харын зуд гээч нь болох нь дээ. Хэдэн хонио эртхэн худаг бараадуулья. Өчигдөр услаагүй юм. Энэ амны цасгүй үед өнжөөд нэг голыг нь дэвтээж байхгүй бол хээлтэй мал зуурч мэднэ гэлээ. Дорж баяны зургаа долоон зуун хонийг услах ажилд нэр цохогдохоос өрсөн, мар мар хийн ажилгүй мэт суусан хэдэн залуу пүрштэй юм шиг босон ийм ч мал эрэх, тийм ч адуу хайх гээд хөдөөний эх адаггүй их ажлуудаас амандаа орсныг нь нэрлээд бараа сураггүй алга болж өглөө. Чих хатуу, хаяа муутай хар золигнууд. Намайг догиож байгаад турагны өөх үнхэж тарагны сувс хүртэх санаатай. Хонь услах сургаар ташуур далайлагсан гөлөг шиг алга болж байгааг нь. Ажиллах суухаа зааглаж мэдэхгүй байж айраг цагааны амт эрт ялгаж сурсан хуухайнууд хэмээн Дорж бодоод орон гаран нугастай юм шиг нахилзаж явдаг ганц хүүгээ дуудлаа.
Шинэхэн мотциклоо шалгах, гөрөөс хөөж хурд хуваах болсон хүү нь жигтэйхэн хөөрч, хувцас хунараа давхарлан сүр болов. Доржийн эхнэр Навч сааль сүүнд нэвчсэн муу дээлнийхээ даг дайрыг галын гэрэлд гялалзуулан зуухаа шилээвэрдэх зуур аргадсан өнгөөр
- Өвгөөн хэрэггүй юм бишүү? Хотоороо дүүрэн малтай байж гэж амьтан муу хэлнэ. Тэгээд ч сайн унаж сураагүй унаа гэдэг осолтой л баймаар хэмээн царайчиллаа. Анх суухдаа л эхнэрийнхээ үгийг сонсож үзсэн гэхэд бараг хилсдэхгүй, ханьдаа зүлгүүр шиг ширүүн Дорж эл үгсийг чихнийхээ хажуугаар сүнгэнүүлэн, орны хөндийд байсан буугаа авч тооноор орж ирэх гэрэл өөд шагайн сайтар ажаад овоо хараанд нь хорол тоонны голоос уясан шүншиг орж ирэхэд юу билээ гэсэн шүү юм бодон буугаа буулгаж гэрийнхээ баруун талаар том том алхлан гарав. Ааваасаа олж долохын ухааныг сайтар суралцсан хэрнээ ээжийнхээ өр нимгэн зангаас жаахан ч атугай нялзаагүй сэтгэлийг хөдөлгөөн ихтэй хүү нь сааль болсон дээлийн голоос совин татан эрвэлзэх эхийнхээ хөвөрч үлдсэн сэтгэлийг үл анзааран гашуун цэнхэр утаа суунаглуулсаар дар дар хийлгэн эргэж ч харалгүй одлоо.
Хүү үхэж гүйцээгүй ооныг сонирхон харснаа аавынхаа гараас бууг нь авах гэхэд Дорж
- Жаахан байж бай. Шархандаа бие нь хөшөөд мөдхөн босож чадахаа байна. Хүзүүгий нь ганц мушгиад болоо. Сум үрэх гээд яахнав чи хэмээгээд бууныхаа замгийг сугалан наран сөрөг шагайж үзлээ. Бянт мууджээ. Эв таарвал зарчих юмсан. Энэ ч мөд тасарна даа. Тэгвэлчиг хотны захад чононд тавихаас өөр зүггүй юм болно гэж Доржийг хэлэхэд аавынхаа санаанд аль болох таарахаар юм хийхийг эрмэлзэж явдаг хүү нэгийг сэтгэх мэт чимээгүй сууснаа
- Хүү нь энэ өвлийн уралдаалга дээр аваад явнаа. Олны нүдэн дээр хэдэн шав буудаж унагаагаад зарчихья. Цаад хотны Нэргүй буу сураглаад л байгаа юм гээд аавруугаа урмын үг горьдох мэт харан инээмсэглэлээ. Ганц нэгэн тамхи татаж дуусан мотоциклынхоо тоосыг арчих зуураа Дорж авах гээхээ андахгүй сэргэлэн золиг болох шинжтэй. Эхийгээ дууриан хормойгоо чирсэн юм болж орхисон бол амьтанд идүүлээд дуусна гэсэн шүү юм бодоод хүүдээ
- За шалавла! Цаад муу ооноо хүзүүг нь хуга мушгиад чирээд ир гэлээ..
Хатуу ч гэсэн цас мэрж, аргаж зуурчих дөхсөн голоо дэвтээж амжсан сүргээ яаж ийн бартаа бараадуулаад өөрөө салж давхин энэ хүрсэн улаан хүзүүт, бууны сум гэдэг цахилах дөрвөн мөчнөөс илүү хурдан шидэнд бөгсөн биеэ бяц цохиулаад, хөдлөх тоолон бургилах бүлээн цусаа гоожуулан халуурч дагжин хэвтэнэ. Толгойгоо арай гэж өргөн сая төрсөн янзага шиг дэнжигнүүлэн байж бор талын дунд өнгө нийлэн бараа нь тасрах ижилээ сүүлчийн удаа харлаа.
Муу бүхний туйл болсон хүн гэгч араатан хамар сэтлэх шахан үнэртэх цуснаас ч илүүтэй ой гутам муухай үнэр ханхлуулсаар дөхөн ирэхэд нь байгаль эхээс амь хамгаалахын чандад заяасан эцсийн ганц үсрэлтээ, үлдсэн бүх тамир тэнхээгээ дөрвөн мөчиндөө хөвчлөн байж хийлээ. Газрын хөрсөнд хаяахан үрж ямарч зэвнээс илүү хурцалсан хос хоёр эвэр, залуу халуун биеийг ядах юмгүй сүвлэн хөлдүү газар лүгхийн зоогдов.
Хүүгийнхээ цээжнээс бургилах цусыг гарын алгаараа дарж орь дуу тавин хайлах хижээл эрийн хацар дээгүүр нулимсан дусал сувдарч эхлэх тэр агшинд баруун гүдсийг даван ганц цагаан хуй эрчлэн эрчлэн далдрах нь дөнгөж сая тасарсан хоёр халуун амь дээр доороо орон, эрлэг номун хааных өөд нүгэл буянаа дэнслүүлэхээр яарч яваа нь тэрээ...
Rockford IL, 01.18.2009

Сэтгэгдэлүүд:
Hyn neeren sonin shyy hot dyyren maltai baij oor umand shunaaad baidag,,,
Өөрийн бодсон, хэдэн ташуу зөрүү байх шиг санагдлаа хэлчих үү, таагүй бол над руу зурвасаар хэлнэ биз. Миний нүдээр хардаг болоосойн үлгэр шиг, хэ хэ.
Орог саарал шаргачин гээд ... тарга гэхийг тараг гэж. Сүрэг ч гэж дээ гэсний араас сүргээ үгүйсгэсэн, тоо толгойг нь чамласан, эсвэл сүргийн бүтэц нь тэгж хэлэхээргүй л юм ормоор санагдлаа. Шууд, Арай л тараг хүчтэй нь гэж энэ жил сувайрсан ганц муу шаргачин гэхээр утга тиймхэн, уншигдахгүй байна. арай л тарга тэвээрэгтэй нь ... гэсэн бол?
Гэж гэдгийг ихэвчлэн сул ярианд хэрэглэдэг. байгалиас гэхэд а гээгдэхгүй.
за залхуу хүрэх мэт боллоо. Чиний бичлэгүүд монгол үнэртэй, хэлц, хэллэгтэй, байдаг болохоор би болон Тагм авхай унших дуртай бололтой. За дүү хүүд улам их зохиол туурвиж, нутгаас холоо суугаа ах шигээ хүмүүст монгол сайхан аялгуут хэлээ, ахуй заншил, байгаль эх дэлхий хүмүүний харьцааны сайн муу талыг танин мэдүүлээрэй. Хүндэтгэсэн, Чацарганы Бут
Анхны хайр 11, 12... хүлээсээр л...
Сэтгэгдэл үлдээх: