За ингээд нэг сайн эр болж гэдэг шиг ... эх орондоо хайртай эх орон гэж үглэх дуртай цохилох зүрхтэй Торой банди миний бие “Монгол Улсын төлөө!” гэсэн нэгэн буланг нээж цуврал нийтлэл бичихээр шийдлээ. Хамгийн анхны нийтлэлээ техник мэрэгжлийн болон их дээд сургуульд сурч байгаа, дөнгөж төгсөөд ажлын талбар дээр очиж яваа дүү нартаа зориуллаа. Би өөрөө эрдэм мэдлэг төгс, хичээл номондоо мундаг оюутан байсангүй. Тааруу дунд нь давхиж явдаг, оюутны холбоо, олон нийтийн ажилд их оролцдог жирийн л нэгэн оюутан байсан юм. Одоо эргээд санахад хамгийн завтай, хамгийн сайхан, хамгийн дэмий өнгөрөөсөн хэдэн жил оюутан байх тэр хугацаа байжээ. Өөрийн алдсан алдааг мэргэн дүү нар битгий давтаасай гэсэндээ үүнийг бичихээр шийдлээ. Ингээд нийтлэлээ эхэлье.
Хэдэн жилийн өмнө эх орондоо байхдаа, Амеркид нилээд нэр хүндтэй театрт бүжиглэж байгаад Монголдоо ирсэн балетчин залуугын телевизд өгч байсан ярилцлагыг үзээд сууж байхад тэр дундаас нэгэн зүйл ой тойнд тог хийтэл буугаад үлдэж. Тэр юу вэ? гэхээр хөтлөгч залуугийн сүүлчийн асуултандаа авсан хариулт байлаа.
Та Амеркид олон жил амьдарчээ. Таныхаар Америкын Нэгдсэн Улсын хөгжлийн нууц юундаа байна? гэж асуухад мөнөөх бүжигчин залуу нээх бодсон ч үгүй ингэж хариулсан юм.
Амеркид нэг залуу халбага хийдэг. Тэр залуугын хийсэн халбагыг дэлхийн өөр ямарч оронд гүйцэж хийхээргүй тийм л халбага хийдэг. Харин тэр залуу сэрээ гэж юу байдаг, яаж хийдэг тухай өчүүхэн төдий ч мэдлэг байхгүй. Тэр залуугын амьдрал нь халбага. Тэр түүгээрээ баян тансаг амьдардаг. Амеркид тийм залуус мянга мянгаараа л байдаг гэж хариулж билээ.
Тиймээ залуусаа! Өнөөдөр дэлхий нийтээр даяаршиж буй энэ цаг үед мэдээлэл, техник технологи асар хурдтай тархаж байна. Дэлхийн хүн амын хөгжилтэй хэсэг, ядуу буурай орны иргэд нэг насаар боловсроод гүйцхээргүй тийм л хурдаар тасарч байна. Аливаа салбарт сонирхогчын орон зай гэж байхаа больсон төдийгүй аз түшсэн санамсаргүй нээлт, гэнэтийн их мөнгө гэдэг хорьдугаар зуун, сугалаа хоёрт л үлджээ. Би өөрийг чинь сугалаанаас мөнгө хожихоо хүлээн насан туршдаа дэмий сууж амьдарлаа үрэх нэгэн гэж огтхонч бодохгүй байна. Тэгэхээр дүү минь өнөөдрөөс, яг одооноос эхлэн өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлээ юу болохыг сайтар эрэгцүүлэн бод. Тэгээд өөрийн байх ёстой салбараа, насан туршийн амьдарлаа зориулж чадах тийм л зүйлээ сонго. Ингээд даруйхан эхлэх хэрэгтэй. Аз болоход бидний хувьд шинэ нээлт хийхдээ биш бусдын хийснийг хуулж даган дууриаж хөгжихөд хамгийн тохиромжтой эрин зуун ирээд байна. Гол нь дүү минь чи маш оновчтой ашигтайгаар сурах хэрэгтэй.
Сургуульд сурна гэж юу юм бэ? Чи тэндээс юу олж авч чадах вэ? Монголын боловсорлын систем таньд юу өгч чадах вэ? Хариулт их энгийн. Чи мэрэгжлийн сургуулиудаас амьдралынхаа туршид хэрэглэгдэх бүх мэдлэгийнхээ хорин хувийг ч авч чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна. Яагаад? Өнөөдөр чиний бөндгөрт, огторгуйн геометрийн бүх аксиом, Н.Борын цөмийн онол, амьтан судлал дээр үздэг амёб, шаахай хэлбэртэн хоёр юугаараа ялгаатай тухай гээд арван жилийн бүх мэдлэгүүд байгаа гэдэгт би эргэлзэж л байна. Энэ ч үүднээс их сургуульд чиний үзсэн “А” аваад ч юмуу эс бол багшийгаа аргалаад өнгрөөсөн тэр олон кредитын хичээлээс амьдралд чинь хэрэг болох нь хорин хувьд ч хүрэхгүй . Харин чи их сургуульд байхдаа юу сурах вэ гэхээр “хүнтэй харьцаж, бие даан юм хийж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, соёл суралцаж, өөрийн бодсоноо бичгээр илэрхийлж, нийгэм дундах бие хүн болоход” суралцах л юм.
Галзуу онц сурлагтан гэхээсээ илүү хулигаан байсан нөхөр улс орны сайд болж “хөгжөөн дэмжигчдийн” багын ахлагч байсан хүүхэн Америкын Нэгдсэн Улсын дэд ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөж байна. Энийг би хулигаан бол, хичээлээ орхи гэдэг үүднээс хэлээгүй юм шүү. Бүрэг ичэмхий зангаа гээж, олонд нээлттэй байж, өөрийгөө мэдэрч хэргэтэй газраа, зөв үедээ дуугарч сурах хэрэгтэй гэдгийг л хэлэх гэсэн юм. Энэ чиний хамгийн анхны сурах ёстой зүйл. Магадгүй хамгийн чухал нь ч байж болох юм. Бусад хүнд өөрийхөө агуу гэдгийг мэдрүүлэхгүй зөвхөн өөртөө л агуу байх хэнд хэрэгтэй юм бэ?
Хорин хувийн л мэдлэгээ амьдралд хэрэглэх сургууль төгссөн би юу хийх вэ? гэж дүү минь чи бүү эргэлзээрэй. Сургууль төгсөхийн нэг давуу тал нь “энэ мэргэжилээр би сураад төгссөн”, “үүнийг би хийж чадна” гэсэн итгэл үнэмшилийг өөрт чинь өгч байгаа нь явдал юм. Чи хийнээ. Чи чадна. Үлэмж жаахан мэдлэгтэй итгэл, үнэмшилээс өөр юмгүй би “Төгсөөд яах вэ?” гэж асуух л байхалдаа. Тиймээ чи үнэхээр мэргэжилдээ сонирхолтой, чинь сэтгэлээсээ мэргэжлээ сонгосон л бол практик амьдрал дээр өчүүхэн ч түүртэхгүй. Амьдрал өөрт чинь үлдсэн наян хувийн мэдлэгийг олгоно гэж хэлэх гээд байна лдаа. Гэхдээ мэдээж хажуугаар нь салбартайгаа холбоотой нийтлэл, шинээр гарсан нээлт, технологиудыг байнга уншиж судалж байх хэрэгтэй. Онол практик хоёроо сайтар уялдуулж амьдралаас тасархай сэтгэхгүй байх нь сайн мэргэжилтэн болох гол түлхүүр юм.
Чи өөрийн салбараа сонгож сураад эхэлжээ. Чи хийх юмтай болж. Одоо өөр нэг анхаарах юм бол хэзээ ч гээж болохгүй жижиг ажилбар. Заавал мөрдөх ёстой энгийн нэгэн заавар. Бүх энгийн юм нийлж агууг бүрдүүлдэг юм. Жижиг деталь бүхэн суурь машины бүрдэл болдог шиг ажил дээрээ мөрдөх ёстой жижиг заавар бүхнийг ширхэгчлэн биелүүлж сурвал чи төгс бүтээгдхүүнийг үйлдвэрлэж чадна. Назгай хандсан нэг үйлдэл, хазгай өрсөн нэг тоосго хоёр яг адилхан. Өнөөдөр дэлхийн давцан дээр Монгол орны нүүр царай, Монгол хүний үнэлэмж хоёр навс унаад байгаа нь эцсийн дүндээ үүнтэй л холбоотой. ” Өө үхсэн Монголчилноо” гэдэг үгийг олон ч мэргэжил нэгтнээсээ сонсож олон ч ажилчнаасаа дуулж байлаа. Олон ч зүйлээ Монголчилж явлаа.
Нэг жишээ авья. Барилгын компани байшин бариад орхиж. Сууц өмчлөгчдийн холбоонд хавар намрын улиралд дээвэр дээр орсон цасыг арилгаж байх ёстой гэсэн барилга ашиглалтын бяцхан заавар үлдээж. Би лав дээвэр дээр цас арилгаад зогсож байгаа “цэцэн” дамшиг нэгийг ч хараагүй. Эрс тэс уур амьсгалтай манай оронд хавар орой, намар эрт орсон цасны ус доогуураа гэсээд шөнө нь эргэж хөлдөн тэлэлт өгснөөс болж дээврийн хар цаас нь язран урагддаг. Үүний дараа ганцхан жил ашигласан барилга дээврээсээ ус гоожлоо хэмээн хэрүүл уруул хийж, май тавин дээврээ засаж байгаа “тэнэгүүдийг” мөн ч олныг харсан. Энгийн юм гэдгийг орхигдуулах ийм л байдаг. Хэнэггүй байж огт болохгүй. Бүх юман дээр яршиг төвөгтэй нямбай хандаж сур. Энэ орчин үеийн Монголчуудад ус агаар шиг хэрэгтэй амин чухал асуудлын нэг. Энэ бол чиний хоёр дахь сурах зүйл, баримтлах зарчим юм. Магадгүй өөрийг чинь хэмжих хэмжүүр баг дундаа үнэлэгдэх үнэлэмж чинь ч байж мэднэ.
Дөнгөж аравдугаар ангиа төгсөж байхдаа би өөрийгөө их л том хүн санаж сахал ургах нь битгий хэл шар үс ч үгүй эрүүгээ илэн, “оюутны дөрвөн жил ч хол байна даа” хэмээн бодож байлаа. Цаг хугацаа хол санагдавч хэзээ зогсдоггүй юм билээ. Хүн өөрийгөө том болсон юм шиг санавч хэлүүлж байж ойлгох зүйл цөөнгүй юм билээ. Нэг л мэдэхэд их сургуулиа дүүргэж яахын зуургүй л амьдрал тулаад ирсэн. Тиймээ дөрвөн жил их богино шүү. Тэгэхээр чи сурахын хажуугаар ядаж нэг хэл үзээд суугаад байхад энэ дөрвөн жилээс овоо юм салгаснаа төгсөхдөө л мэдрэнэ. Чи гадагшаа харах нэг ч цонхгүй байшинд байсан бол одоо нэг том цонх өөрийн чинь өмнө нээгдлээ. Чи зөвхөн эх хэлээрээ авдаг байсан мэдээллээ гадаад хэлнээс өөрөө авч оюунаараа тунгааж өөрийн болгож чаддаг боллоо л гэсэн үг. Хүн гэдэг амьтан “ухаантай, чадалтай, авьяаслаг хүнтэй дохио зангаагаар харьцаж цагаа барахыг хүсдэггүй юм шүү. Харин өөрийн чинь хажууд зогсож байгаа хэлтэй устай, мангар шахуу хүнтэй гангар гунгар гэж байгаад арилаад өгдөг юм. Би харь газар ирээд хамгийн түрүүнд мэдэрсэн гашуун үнэн энэ. Ингээд миний хэлэх гэсэн гурав дахь чухал зүйл дууслаа.
Нэг гадаад хэлтэй, мэрэгжлийн дипломтой, хүнтэй харьцаад сурчихсан боловсон хүчин байна гэдэг гурван дарвуултай хөлөг онгоц л гэсэн үг. Чи их алсыг зорьж түмэн газрыг бядан явж мөн ч олон загас барих байхаа. Торой ах нь ч яахавдээ. Дарвуул оёж байх насаа тор нэхэж өнгөрөөсөн хүн. Эмгэнтэйгээ хоёулаа эрэг хөвөө газраа алтан загас, лонхон дахь бэрд хоёроо баригдахыг хүлээгээд тороо шидэн сууж байя даа. Одоо цагт ч эргээр хөвдөг алтан загас ч гэж юу байхав дээ. Пушкиныг амьд байхад л нэг үзэгдсэн юм гэсэн. Харин их далайд яваа дүү минь чи баринаа. Нэг биш нилээдийг барих байх. Төгсгөлд нь захиж хэлэхэд дарвуулаа үргэлж шинэчилж яваарай. Хуучирч мууддаг эд шүү. Өөрөө аялахаа бодолгүй олон жижиг завь дагуулж яваарай. За ингээд баяртай.. Амжилт хүсье! Чи шүү!
Монгол орны гал голомт үүрд мандан бадраг!!

Сэтгэгдэлүүд:
Хамгийн гол нь анхнаас нь завьныхаа бүх зүйлийг өөрөө хийж чадвал түүнийгээ төгс эзэмшиж өөрийн болгочихсон үед жаахан төдий гэмтэл гарсан ч яаж засахаа мэдэх болохоор ямар ч их далайн шуурганд алзахгүй шүү дээ....сайхан зүйл бичжээ баярлалаа...
Хөөрхөн юм кэлчээд гараад явчижийна. хэхэ
Saihan sedev bna.
сайн уу хө
мундаг ургац авлаа, дахин дахин уншаад. баярлалаа.
бас хүн бүх зүйлийг чаддаг байх ёстой гэсэн зүйл нь манай нийгмийн амьдралаас урган гарсан үнэлэмж ч байж болох юм.
Яагаад гэхээр харилцаа сайн хөгжсөн, бум бужигнаж түм түжигнэсэн газар нэг нь нөгөөгийнхөө хийгээгүйг хийгээд явчих боломж нөөц нь байсаар байдаг. манайд болохоор өнөө гадаа гарч эр, гэрт орж эм болж л явахгүй бол болдоггүй байх оо.
жаахан эсрэг талаас нь харахад нэг иймэрхүү байж болох юм тээ.
Эцэст нь би өөрийнхөө санаатай санаа үл нийлж, чиний хэлсэн санааг илүүд үзээд гарлаа.
Сэтгэгдэл үлдээх: