Аяганы хээ

Тооноор тусах өглөөний цагаан гэгээ их л тодохныг ажвал цаг нилээд орой болсон бололтой. Орны урдуур унжуулсан шар пансан хөшигний толгойн оёдол нь талдаа хүртэл урагдаад салбайн унжаад   нохойны ам шиг ярзайсан нь ихэд ёозгүй. Арай ядан босож галын илчинд бүлээдэж амжаагүй хулдаасан шалан дээр нүцгэн хөлөөрөө гишгэн өндийн суулаа. Заадсаараа таллан алхаар нэгэн жигд нүдэх мэт лүг лүгхийн  өвдөх  толгой, юу юугүй гарч давхих гээд байгаа дотор эрхтэн зэрэг нь  урьд оройн хийсэн үйлийн лайнаас үүдэлтэй тул Дэрэм ингэж ч өвдлөө тэгж ч бачуурлаа хэмээн ёолж сүйд болсонгүй.  Галын аман дээр нөмгөн суух эхнэр нь үс гэзэг нь сэгсийж,  царай нь  шороотой тэнгэрийн өнгөөр бараантан тунарах агаад санаа дагаад ч тэрүү нүднийх нь зовхин тушаа хатаж амжаагүй нулимасны дусал гялс хийх шиг болоход Дэрэм яаран харц бурууллаа. Аман дотор нь түлээний цучил шиг точигнох нь холгүй болсон хэл нь хатаж арган түй гэх шүлс алга. Юм уумаар санагдан данх бодогдож сэм   нүдээрээ хайвал зуухны хүхээнээс баруун урагш таг нь салж унаад харанхуй ам нь дотроо шингэн юм байх янзгүй харлаж үзэгдэнэ.    Том охин нь орон дээрээ хөнжлөөрөө тулмайдан сууж байснаа ухасхийн босож ээжийнхээ араар тойрон баруун хацрийг нь, өөлсөн шиг тагжгар алгаараа нэгэнтээ илснээ Дэрэмийн зүг галтай цучил шидэх мэт хяламхийн хараад ээжийнхээ нуруунд наалдав. Охины нүүрэнд халтартаж үлдсэн нулимсны ор, гэр орны нь байгаа байдал, өөрийг нь ямар гээчийн шингэн чөтгөртэй нөгцөөд,  бүрээстэй суварга шиг диваажингаа хэрхэн түвээснийг бэлхнээ харуулна. Зуухны наахан анх айл болохдоо гар хуруугаа хурц багажинд хэдэнтээ эсгэж үрэн байж хийсэн намхан модон өрөн дээр өөрийнх нь шар эрээн луун зүмбэр бүхий том шаазан аяга цэлэлзсэн хүйтэн усаар дүүрэн харагдахад нь хурдхан авч залиглав. Дотор сэрүү татаад хэл ам   дэвтэх маяг орсон Дэрэм усаа үхэр шиг гүд гүд залиглан ууж дуусаад аяганы хээг сая үзэж байгаа юм шиг гөлрөн харж хэсэг суулаа. Гэнэт уусан хүйтэн усандаа түгшсэн зүрх нь өрц нүдэн догширч   гар нь салгалан мөчидхөн барьсан байсан аягаа яахын завдалгүй унагалаа. Модон өрөн дээр өнцөгдөн унасан шаазан тас хийн сүрхий хүчтэй дуугарч өөрийг нь сэм ажиж суусан эхнэр охин хоёрыг нь цочоогоод зогсохгүй амгалан унтаж байсан хүүг нь ч сэрээв бололтой. Хүү нь цочсондоо өөвгөр бор хулгана   түгдэгнэн босож ирээд час хийн уйлав. Охин нь   гүйж очин дүүгээ аргадаж уйлах дуу мэгшилтээр солигдон алгуур намдаснаа унтав бололтой чимээ алдарлаа. Гэр дотор ахиад л нам гүм. Дэрэм арай гэж тонгойн аягаа аван эргүүлж тойруулан бөөрөн дээр нь эвхэрсэн шар алаг лууг ажвал өнөөх сүр ихтэй эрээн лууны өрөөсөн нүд нь зориуд ухаад авсан мэть ховхроод ойчжээ. Хөмсөгөө зангидсан юм шиг сүрхий зангирсан хээ духан дээр нь эрчилсэн   луу өрөөсөн нүдний ором хүнхийж үлдээд харц нь үнэхээр догшин болсон агаад Дэрэмийг үлдсэн ганц нүдээрээ   баалах лугаа адил цоргин харна. Ундуй сундуй тайлж хаясан өмд гутлаа бөөгнүүлж хөдөлж цөхөн өмсөөд үүд зээглэн очиж муу гутлаа углах зуураа суган доогуураа эхнэрээ сэм ажвал зүүн нүднийх нь хоёр зовхи нь нийлэх шахан таг хавдсан үзэгдэнэ. Зүрхэн тушаа нь нэг юм хатгах шиг болон дэмий л шүүрс алдаад өлгүүрээс бөөр нь халцарсан үстэй малгайгаа авч   гартаа барин хоёр муу бүчийг нь мушгижээ хэсэг зогсоод охиныхоо оч цахилсан нүдтэй харц мөргөлдмөгц ухасхийн гарлаа.

 

 

Уурхайчны жижиг тосгон уур мананг савсуулан дөрвөн уулын хонхорт өвлийн жаврыг сөрөн өчнөөн жилийг өнгөрөөсөн өнөө л янзаараа  Хараа муутай  хүний замбараагүй тарааж хаясан хайрцаг шиг айл айлын яажийсан хэдэн хашаа, аймгийн төвтөй холбогдож амьд байгаагаа дуулгах хөтөл даван одсон утасны шонгууд, зүүн хойд жалгаад чиглэн   бэлчээртээ туугдан явах завсраа пүнзэнд үлдсэн тугалнууддаа эргэж мөөрөх,   хэдэн ягир яндан үнээнээс өөр дуу чимээ өгөх юмгүй суурин цаанаа л нэг уйтгартай. Уурхайн захиргааны гэгдэх овоо бараа сүртэй хоёр цагаан байшингын гадаа Дэрэмийг ажилд нь хүргэх хуучин муу “паз” автобус зогсоо нь харагдана.

 

“Цусаар тээглэ” хэмээн амандаа гүвтнээд өчигдөр орой дизелийн Ренчин хэмээх хууз сахалтай эртэй найзархан уулзаснаа бодон Дэрэмийн дотор өөрийгөө зүхэх сэтгэл төрлөө.  Хн.. Түүгээр явсан гайг үүгээр дуудах гэж.  Харамгүй сэтгэлээр малилзтал инээсэн муу бавайсан гайхал. Угсраа угсраагаар нь архи хийж өгөөд л .. Сайндаа ч биш өөрийнхөө оронд бүтэн сайн өдрийн ээлж ацаглах хүн хайж явсан түүнийг дуудаж уулзаад одоо энэ.

 

  Дэрэмийн нүдэнд хол хол хийн шилэн стаканд юүлэгдэх архи харагдах шиг болж үнэр нь бодогдон өөрийн эрхгүй огиудас хүрэн суун туслаа. Хоёр нүдэнд цийлэлзэн ирсэн нулимсаа гарын араар шудраад хамрынхаа хоёр нүхийг ээлжлэн таглаж нийгээд урсаад ирсэн цийлгэр бүхнээсээ салж шалавхан өндийлөө. Нөгөө “үдээр” Дэрэм уужээ. Хашааны аман дээр бөөлжөөд сууж байна хэмээн жижиг суурингийн тоотой хэдэн хашааг шатгүй дөрөөлөн цуурах хов живнээс эмээсэн Дэрэм өөрийн дураар огиж ч чадахгүй байгаадаа уур хүрэн амандаа өтгөрсөн шүлсээ “түй” хэмээн холхон нулимаад захиргааны зүг алхлаа.

  Дэрэм ажил төрөлдөө сүрхий, ааш зангаар төдий л  мууд тооцогдохгүй  хэдий ч хүнтэй яриа үүсгэж далан долоон юм яриад сууна гэхээс л дотор нь муухай оргих шиг болдог хүн. Ямартаа энэ сууринд ирснээс хойш нутгийхан “энэ залуу амаа үдүүлсэн шиг дуу муутай хүнээ”. Энэ хүн цөөтэй газар яаж яваад ийм амьтан нүүгээд ирвээ гэж өөр хоорондоо ярилцсаар нэг мэдэхэд л нэрнийх нь урд “үдээр” гэдэг цол аав нь хайралсан аятай зүүгджээ. Дээрээс нь бас эхнэрээ гөвшдөг, дуугай хүний доодох нойтон гэцгээн ам далдуур мэдэн муулах нь цөөнгүй. Дэрэмийн гэр дэхь хэрүүл гэртээ л болоод өнгөрвөө барж баймаар атал тийм биш байдаг ажээ. Айл түйвээж амьтны аминд хүрч энэ суурингийн хүмүүсд гай болоод байдаггүй л юмсан хэмээн ил хэлгүй Дэрэм дотроо ихэд гоморхоно. Нэгэн удаа өчигдөрийнх шиг зодооны дараа эвлэлийн үүрийн дарга гэж нэг сагсуу нөхөр Дэрэмийг дуудан бүтэн өдрийн ажил таслуулан загнах ч биш сургах ч биш бантанг нь харин ч нэг хутгаж өгч билээ.

Мань эвлэлийн үүрийн дарга өөрөө эхнэрээ алхиж нүдэх талаар хэнээс ч илүү төдийгүй “хүн харчихна” хэмээн нүднээс далд газар нь тамгалдаг гэдгийг нь нууц ховортой уурхайн жижиг тосгон даяар бүгд л ярина. Дэрэм түүнийг нь улаан нүүрэн дээр нь хэлээд тавьчихвал насаараа барахгүй хов живэнд орохоо мэдэх учраас нэг их хүмүүжсэн хүн шиг гахай хоншооролсон ягаан эрийн номлож суухыг бүтэн өдөржингөө л тэвчиж билээ

 

Өдрийн ажлыг Дэрэм харин ч нэг шижигнүүлж өглөө. Нүдэнд нь инээж харагдах бавгар Ренчин, эвлэлийн үүрийн дарга ёлхогор эр, хамар хашааны хэрүүлийн буг, далан долоон хов живний үүд Хорлоо авгай, эцэст нь дуучин.. Нүдэнд харагдах өстэй бүхнээ уурхайн хананд судалтах хүдрийн үенд цовдолж байгаад шүдээ зуун цоо цоо өрөмдөв. Орой бүрий буухын алдад ажил сая л нэг дуусаж жижигхэн тэргэнцрүүд Дэрэмийн буулгаж орхисон хүдрийг дааж ядан ам өгсөх зуурт мань эр арай ядан зөөгдөх усны гутландаа шургаж уначих шахан гарахаар алхлаа.

  Богинохон өвлийн өдөр хэдийн цаашилж үдшийн цэнгэг агаар сэрүү татуулан угтав. Өглөөний шарталт хүнд ажлын хатуу, дал нэвтлэн урссан хөлс хоёроор дамжин бараа сураггүй болжээ. Хувцас хунараа сольж утаа униараасаа салан ажилчдын унааны шар автобус бараадахаар босох зуурт тэртээ доорх инженерүүдийн гэсэн тодотголтой хэдэн шавар байрнаас нэг хүн хөдөлж ядан ирсэн нь Ерэнтэй өвөө. Тэрээр автобуснаас амжих гэж чамгүй өгсүүр газар хамаг тамираа барсан бололтой бөглөрчих шахан суун тусах зуур Дэрэмээд дохин

Чи байж байгаарай гээд цээжээ нүдэн бүгшүүллээ. Дэрэм өвгөнийг гайхан харснаа ямар нэгэн юм болждээ гэсэн бодол харван орж ирхэд нь буцаж суугаад уруу газар өнхрөн араандаа   хийлгэж хар хүр хийлгэн асаад өөвөгнөн одох шар автобусыг харцаараа үдэн хоцорлоо. Өвгөн хэсэг амьсгаа дарж сууснаа босож Дэрмээд харан

Миний муу манааны шовгорт очьё гээд нуруугаа үүрэн түрүүлэн алхлав.

Өвгөн халуу оргиулан төөнөх зуухандаа нэмж хэдэн мод чихээд ямааны адсага дэвссэн ханзан доороосоо нэг шил архи гарган ирж сэнжтэй аягандаа хийж нүдээ анин нэгийг бодож хэсэг зуур байснаа ганцхан татаад Дэрэмийн зүг харан

Шөнийн архи сэржим өргөдгүй юмдаа гэснээ сиян аягаа сая үзэж байгаа мэт нүдэндээ тулган харж байснаа цааш эргэн хананд өлгөөтэй ажлын ногоон хувцсныхаа энгэрийг ухан нэгэн зураг гаргаад үз гэсэн шиг сарвайлаа.

Дэрэм авч харахнаа бүдүүн хар гэзэг энгэрлүүгээ унжуулан, торгон   дээлээр гангарсан өөлөх юмгүй сайхан бүсгүйн зураг байлаа. Эргүүлж арыг нь ажвал ямар нэгэн бичиг байсангүйд гайхан охиных нь зураг юм боловуудаа гэсэн шүү юм бодон өвгөнөөд эргүүлж сарвайгаад хүн эхэлж дуугараагүй үед элдвийн юм асуудаггүй зангаараа  нэг ч үг дуугарсангүй. Өвгөн зургийг аван ажиж сууснаа уртаар санаа алдан

Манай муу хөгшин  гэснээ жавжаа таталдуулан инээмсэглээд хорвоо  гэж мөн ч богинхоноо хүрэхээр өглөө үдэш шиг л байх юмдаа. Саяхан л ийм бүсгүй байж.   Сайхнаас нь зураг, байгаагаас хатингар бор чавганц л үлдэх шивдээ гээд Дэрэм өөд сонжих мэт харлаа.

 

Хаврын нэгэн тогтуухан өглөө Дэрэм эхнэртэйгээ хамжин хашааныхаа суларсан банзыг хадаж хазайсан шонгуудаа тэгшилж байх зуур доохон нь орших хашаанд уурхайн манаач өвгөн чавганцтайгаа хоёулахнаа гэрийнхээ давхарлагийг хөнгөлөх гэж хэрэндээ л зүдэж байгаад ажиж нилээд зогсож билээ. Тэр тэгж, энэ ингэж хэмээн аяганы хов зөөхөөс эхлэн өнөөдөр тэднийх ямар хоол хийж байгааг нь ч бараг мэдэж байдаг хашаа болгондоо нүдтэй жижигхэн суурингийн хүмүүс хөөрхий өвгөн хөгшин хоёрыг хавар, намарт хийдэг их ажлаа эхлээд, хэдэн дээвэр туургаа даахгүй шүдээрээ хазах нь халаг зүтгэж байгааг хараагүй юм шиг л байх нь нэг л гаж санагдаад явчихсанд Дэрэм сурсан зангаараа “цусаар тээглэ” хэмээн хараагаад авгайгаа араас “банн” аа чирээд ирээрэй гэж хэлчихээд өөрөө шалавхан очисон юм. Өвгөний өөвгөр гэрийг ядах юмгүй тарааж хэдэн жил ус хүрээгүй унь тооныг нь авгайгаараа угаалгаж яахын зуургүй л буцаан бариад хов живнээс өөр өлгөх юмгүй газар газраас цугласан бөглүүхэн суурингын хүмүүст уурссан сэтгэл нь сая л нэг онгойж тайвширч билээ. Тэр өдрөөс хойш Дэрэмийн охин өвөөгийнд очлоо хэмээн гүйх болж удсан ч үгүй хүү нь мэндэлж яаруу давчуу үед өвгөн хөгшин хоёрт хүүхдүүдээ дайх болж нэг л мэдэхэд нилээд хэдэн жил өнгөрч.   Нааш гэх хамаатан садан үгүй энэ газар өсгөсөн үр хүүхэд нь царайгаа харуулах нь ховор хоёр настан, дуу шуу муутайгаараа амьтнаас тасарсан Дэрэмийнх гэдэг айл хоорондоо жим гартал сүжрэх энэ цагаас эхэлсээн.

 

Дэрэм өвгөний хийж өгсөн аягатай архийг авч уруул дүрэн буцааж өгөх зуураа өчигдрийн мандуулсан их хэргийг өвгөн сонсчихоод л загнах гэж дуудлаа гэсэн бодол төрөн харц тулахаас болгоомжлон доош харж суулаа. Уг нь уухаараа  Дэрэм нэг их агсан согтуу тавьж цээж дэлдээд байдаггүй хүн.   Авгайдаа гар хүрсэн явдал хэдэн удаагийнх болж буй агаад үүсэл аль язуурын аймгийн төвд айл болон амьдарч   эхэлсний дараахан   эхнэртээ сэтгэлээ царцтал нэг сүрхий гомдосноос улбаатай.

           

Дэрэм нэг удаа давчуу ажлаар гэрээсээ нилээд хэд хоногоор алсарч яваад ирэхэд нь нялх охин нь хажуу айлд унтаж эхнэр нь хотоос ирсэн концерт үзэхээр явчихсан байсан юм. Дэрэм охиноо айлаас авч унтаа чигээр нь тэвэрсээр соёлын ордны гадаа очиход сайхан концерт үзэн дуу шуу орсон хүмүүс шуугилдан тарж байхтай нь таарч нилээд хүлээсэн боловч эхнэр нь гарч ирсэнгүйд ихэд гайхан хүлээж цөхөөд гэрлүүгээ буцаж билээ.

            Өглөө үүрээр хашааны гадаа хүн инээлдэх чимээ гарахад нь шөнөжин элдвийг бодон нойргүй хэвтсэн Дэрэм ухасхийн босож гарвал олны дунд нилээд нэр нь түгж яваа залуухан дуучин эртэй гар хөлөө барилцан зүс царай нь гэрэлтэн зогсож байсан эхнэр нь Дэрэмийг харан царай нь хувхай цайж хажуугаар нь зөрөн гэрлүүгээ орж өнөөх залуу ихэд айх бололтой эргэн эргэн харсаар явж одсон юм. Дэрэм түүнээс хойш тэр тухай авгайтайгаа нэг ч үг яриагүй бөгөөд ихэд уусан үедээ өнөөх бодогдон тэсэхгүй гар хүрчихээд байдаг болсон билээ.

 

Өвгөн шилтэй архи тэхий дундаа хүрэхийн үес бөглөөг авч сайтар бөглөөд ханзны арлуугаа нуугаад эргэн сууж Дэрэмд хандан

Хүн гэдэг амьтан өөрийгөө мөнхийн залуугаараа явах юм шиг л санах юмдаа. Нэг л өдөр амьтны тус харсан майрдаг өвгөн болчоод муу ханиа хайрлах цагт нь хайрлаж жаргаах цагт нь жаргааж ч байх минь яалаа гээд харамсаж суух гэж.   Хөгшин маань зүс царай гэж гуулин цар шиг өнгөлөг, сэтгэл сайхантай, сайхан ч хүүхэн байж. Би гэж нэг дүүгүүрийн чулуу шиг эрчилсэн улаан лүд, айл айлын үүд чангааж цагааны шар шүүсэнд шимтэрхэж явсаар залуу насаа өнгрөөжээ. Тэр минь дээлтэй дарь эх шиг насаа хэдэн хүүхдийн баастай даавуу базаж шөнө голлон ирэх намайг хүлээж ихэнх насаа барлаа гэж надаас өр нэхсэнгүй. Одоо эргээд боджээ суухад энэ амьтанд заяасан үйлийн үр нь би байжээ.  Намайг дагаад аав ээжийгээ хаян хаа байсан холоос энэ хүртэл ирчихээд байхад нь эргэж буцах нүүргүй чи   хаа холдох вэ гэж тал ухаандаа бодож явсан хүн дээ нүгэл чирсэн өвгөн ах чинь хэмээн нилээд согтох бололтой өгүүлээд хэсэг духалзлаа.  

Зуухны дутуу хаагдсан түгжээ тар хийн мултарч умгар модон амбаарыг гэрэлтүүлэх зуурхан өвгөний мянган үрчлээ болсон царай галын шар гэрэлд түмэн зүйлын зүдгүүрийг илэрхийлэх мэт үзэгдэхийг зэрвэс харсан Дэрэмд зүрх рүү нэг юм лүг хийх шиг сангдан аягүйцлээ.

Өвгөн толгойгоо өндийлгэн чихрийн төмөр хайрцганд хийсэн улаан тамхиа гаргаж тагийг нь хэдэнтээ тогшоод онгойлгон, сонингийн цаасыг шар хийтэл нь цуулан, улаан тамхиа хэлэндээ цавуутай юм шиг л бөмбийлгэн ороогоод май тавилаа. 

Хүү минь чи нэг л давчуу явцуу зан гаргаад л байх шиг. Чи муу хүн бишээ. Өвгөн ах нь өсөхөөсөө өтлөх хүртлээ элдвийн л хүнтэй найз ч явлаа дайсан ч явлаа. Дэргэдэхдээ шүдтэй юм шиг зан гаргаж явдаг хүн л хамгийн муу хүн байдаг юмдаа. Чи өвгөн ахыхаа хэлснийг уужуу тайван бодоорой. Ах шигээ насны элгэнд ирчээд элдвийг учиглаж суух бий гэсэндээ л хэлж байна шүү. Нүд байгаад  дэргэдхээ өрөөл нүдээр харж сэтгэл байгаад өөтэй бүхнээ дэнсэлж   явах юм бол айл гэр өөдлөх нь үгүй. Балрын юмыг мартаж орхиод байгаадаа л сэтгэл хангалуун явах шиг сайхан юм гэж хаа байхав. Нүгэлтэй гэвэл эрчүүд бид л нүгэлтэй гэж хэлээд манарсан их утаанд хэдэнтээ бүгшүүлэн ханиалгасан өвгөн үлдээсэн архиа   гаргаж ирэн өөртөө нэг хийн татаад Дэрэмд нэг хийж өгөн

  Үүнийг татчих тэгээд харь гэлээ. Дэрэм өвгөний өгснийг ууж орхиод ходоод нь халуу оргин хар хөлс нь чийхараад ирмэгц алгуурхан босож гарлаа.

Хөтөл дээрх   жавранд эрүү нүүрээ нь чимчигнүүлэн суурингийн тоотой хэдэн гэрэл аргалын түүдгэндэх цог шиг улалзахыг харан хэсэг зогсоод хоршооны хоёр цонх гэрэлтэй байгааг ажмагц энгэрээ тэмтэрч үзээд ханцуйгаараа амаа даран доош алхлав.

 

Нүүрсний амбаарын үүдэнд шуудайд хийсэн нүүрс эхнэр хүүхэд нь даахгүйгээс оруулаагүй орхисон бололтой харагдахад Дэрэм чирч гулдран үүднийхээ амбаартаа орууллаа.  Гэрийнхээ үүдэнд гутлынхаа цасыг гөвөгч болон хэсэг зүрхшээж зогсоод аргагүйн эрхэнд хаалгаа татаж оров. Дөнгөж саяхан гаргаж байгаа шөлтэй хоолны үнэр гэр дүүрэн үнэртэж  “аав” хэмээн чавхдан ирдэг  хүү нь эжийнхээ суганд наалдаастай сууна. Охин нь “чи ирвүү” гэсэн шиг зэрвэс хараад ээждээ аяга авч өгөн зогсоно. Дэрэм гутал хувцсаа тайлж тортой юмаа чирэн хоймроод алхаж аяганы ширээнийхээ ард гарч суулаа. Эхнэр нь хар цагаан дуугүй Дэрэмийн урьд хоолны дээжийг аягалж тавихад хүү нь сая ухасхийн босож эргэнэг дээрээс халбага аван аавынхаа хоолон дээр тавив. Бүгдээрээ шөлтэй хоол шор шор сорон идэхээс өөр анир чимээгүй. Дэрэм аяган дээгүүрээ дамнуулан эхнэрийнхээ зүг хаяахан харц чулуудна.  Хоолны дараа аяга тавгаа хурааж эхнэр нь охиндоо энийг тэг тэрийг тэг хэмээн заавардахаас өөр гэр зуур яриа өрнөсөнгүй.   Дэрэм ” миний хүү нааш ир” хэмээн гэнэт яав гэмээр гэр дүүрэн хүнгүүлээд авчирсан тортой юмаа задлан хүүдээ хөөрхөн тоглоомон машин гаргаж өглөө. Өөрөө хэрэг хийсэн шиг дуугүйхан нусаа татан томчуулын нүүр лүү ажиглан харж суусан хүү нь яахын зуургүй л дэвхэрч ирээд машиныг шүүрэн авч ээж рүүгээ гүйн хүрч “энэ” хэмээн хөөр болон гэр доторх аниргүйг  тэрхэн зуурт л эвдлээ. Дэрэм цааш ухан охиндоо авсан унтлагны хувцсаа гаргаж өгөөд хараагүй юм шиг тоомжиргүйхэн суугаа эхнэрийнхээ зүг торны ёроолд үлдэснийг дөхүүлээд буцаж суув.

Намхан модон өрөн дээр байх   данхтай цайг аван хэдэнтээ зайлаад  цай хийж уух зуур өглөөхөн аяганы хээн дахь лууны өрөөсөн нүд нь бүлтэрч ойчсон байсныг гэнэт санасан Дэрэм эргүүлж тойруулан үзвэл хумсны будагаар тэрүүхэн хавьд нь янзлаад хөмсөг нь атирч юу юугүй хүрхэрхнүү гэмээр байсан   лууны нүдийг ер бусын дөлгөөхөн болгон янзалсан байлаа.....

 rockford IL, 02.06.2009

Сэтгэгдэлүүд:

1. Торой банди | 2009-02-07 13:41:40
Шинэ өгүүллэг орууллаа. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
2. BMR (зочин) | 2009-02-07 14:23:47
сайхан болжээ

анхны хайр дуусчихсан юмуу?
3. TAGM (зочин) | 2009-02-07 14:24:46
Hair11 eees dutahgyi utga sanaatai ogyylleg oruulsan ban shd... bayarlalaa..

Eeedee ene erchyyd yyy
Ert urdiin balarsan umiig
Eruu javjindaa zuuchihaad
Ehneree nydeed baina gedeg mon ch sonin umdaaa...

Gehdee zasarchih shig bollooo gesen
4. Болжмор | 2009-02-07 14:29:35
Хайн чи арай Рокфордынх юм бишүүздээ...
5. Чацарганы бут (зочин) | 2009-02-07 14:56:21
аа бас чимхлүүртэй бичиж Торой. шигтгээ л гэсэн үг.
эгэл монгол айлын амьдрал ийм л байх даа, ухаарч дээ муу үдээр, юм цагтаа гэж. өвгөн. монгол өвгөчүүдийн төлөв ийм юм. сайхан талбиун хэлээд өглөө.
эрчүүд бидний буруу гэж энэ дээ, хүний эхнэр уруу татах дуучингууд.

хөөе алдаагаа сайн хянаарай.
тодохныг-тодрох, тодхон болох
ургадаад- урагдах, урагдаж салбайн унжаад гэвэл дээр болов уу.
салалган-салгалах, салгалан гэх мэтээр байна даа. уучлаарай?
6. fabio (зочин) | 2009-02-07 15:17:12
mongol eriin uhaanyg uvgun ah saihan hadgalj baigaad tsagiig ni olood saihan heljee. hund uhaaruulah gedeg ene dee. aldaag ni yaahav oilgood umshchihlaa agaa mini.
7. Чацарганы бут (зочин) | 2009-02-07 15:19:37
фабио за, би яахав илүү хошуулаад л явж байна аа,
8. Niunia (зочин) | 2009-02-07 15:44:57
Jinhene huduunii suuringiin amidral baina shuu. Saihan bichjee, nudend haragdaj chihend sonsogdtol. Anhnii hairiin urgeljleliig hezee oruulah we?
9. Ах хүү (зочин) | 2009-02-07 16:10:53
Сайхан болж. Үгийн алдааг явц дунд ганц нэгээр нь зассааар байтал болно биз.Галын илч,эрлэгийн элч,залгилах,богинохон гэх мэтээр бичнэ.Архи уухад нэг л сайн тал байдаг.Маргааш нь овоо ухаантай болчихсон сэрдэг шүү.Ха ха
10. amanjinka | 2009-02-07 18:16:02
өөө лайтай айн..сайн уу хө
11. turuu (зочин) | 2009-02-07 19:14:49
sxn boljee. chi ter anxnii xairiig xezee oruulax gej bga zolig be ain. xvleeseer baital nas yawj duuslaa shv zaluu mini. xexe amjilt xvsei
12. Торой банди | 2009-02-07 22:16:29
Тагмд: Эжжтэй хүн өр нимгэн, Пэнтэй хүн онгод арвин хэхэ
Болжморт: Би Рокфордийх шдээ. Эгч хаанахых вэ? Хаягаа хэлчихвэл Банжигийн атаман ирээд айлгаад байх юм болуу? Хэ хэ наргиа
Бут агаад: Та хариачээ. Банжигийн хуудсуудыг шаралтал эргүүлээд хажуудаа халуун савтай цай тавьчиад сууж байдаг хүнүү гүй юу Орой унтахад байж байна. Өглөө сэрэхэд байж байна. Хоног чинь 24 цагтай биздээ хэхэ. Алдаа зассанд баярлаад л байгаа шүү. Гайгүй та сүүлдээ алдаа хайгаад өдөржин хянадаг болноо.
Аманжика: Найргийн охин тэнгэр минь сайнуу? Би шүлгэн сэтгэгдэл үлдээсэн байгааз.
Бусад уншсан бүх хүмүүст баярлалөөө.
13. Чацарганы бут (зочин) | 2009-02-08 08:19:08
би уншигч. уншигчаа дээшээ мээшээ гэдэггүй танхай банди шүү. Одоо ч банжигт байгаа блогууд, доторх бичлэгийг бараг дууслаа даа. Алдаа гэснээс би алга болно, чиний зохиол бичлэгүүд мөнх шүү дээ, чамайг өнхөрсний дараа ч энэ чинь л үлдэнэ. алдаагүй байвал сайхан, хоолой харгиахгүй, нүд цуцааж, ухаан давхар ажиллуулахгүй. сайхан зохиолд жижиг алдаа нэг л онцгүй болохоор. чи хичээ, би амарья, ха ха
14. altargana | 2009-02-08 09:05:29
хүүш ёстой сайхан болж...нэг тийм сайхан энгийн дүрслэлтэй, бас хүний сэтгэл доторхийг ч эвтэйхэн гаргачихсан, төгсгөл нь ч бас дажгүй. Гэр бүлийн доторхи харьцааг ч сайн гаргасан байна. Их таалагдлаа, чамд бичих авьяас байнаа сайхан хөгжүүлээд байвал ирээдүйд нэртэй зохиолч ч болчих юм бил үү.

Би яг иймэрхүү бичлэгтэй богино өгүүллэгт ёстой дуртай ш дээ
15. mon_108 (зочин) | 2009-02-08 19:38:57
saihan boljee, khumuunii setgeliig hondohgui uym bol khongon biiriig hoshood uy hiine gedeg biluu... chinii bichleg zugeer l neg durslel ch bas bish uymaa, setgeliin utsiig hondson oguulleg boljee... bayarlalaa...
16. monjigo | 2009-02-09 04:47:08
ehnertee uy ogson bol gesen he he... saihan surgamjtai oguulleg bna aa
17. embi | 2009-02-09 11:38:42
Сайхан болжээ хө. гол утга санааг их эвтэйхэн гаргаж гэж үзлээ. За би ямар шүүмжлэгч биш. надад таалагдлаа хө
18. annie (зочин) | 2009-02-09 12:15:27
Сайхан бичжээ. Рокфордынхоо дүүд амжилт хүсье
19. Шар шувуу | 2009-02-11 06:01:19
Toroi d amjilt! Hooe Toroi bandi a minii naiz nudnii shil zuudeg uu?
20. buyan (зочин) | 2009-02-11 19:24:48
jinhene MN ahui, torh nudne todorch bna.. chi ih sain bichjee.. taalagdlaa..
21. busgui (зочин) | 2009-02-14 05:00:19
Saihan bichjee. hund um bodogduulsan uvurmuts bichelguud chin taalagddag shuu uragshaa !!!
22. zula (зочин) | 2009-02-15 05:57:34
ahaa , Derem ehnertee yu ogsiin beeeee ?? msgeerer heleeree he he
23. Өвлийн өвөө anjigai | 2009-02-17 12:19:07
Гайхалтай. Нутгийн хүүгээрээ бахархаж байна шүүү. Үнэхээр сайхан болсон байна.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.