Баадай нилээд уйдсан бололтой хоёр хөлөө орныхоо толгойгоод харуулчихсан толгойгоо салаавчилан зохиолын хэдэн дууг авч өгч байна. Уг нь нэг дуулхаараа гайгүй эхэлдэг ч дунд нь донсолгоотой замд орсон жолооч бүхээгээ мөргөөд байнуу гэлтэй ая нь дэржигнэж алга болж өгдөг хүнэлдээ. Намар хичээл эхлэхэд Цэдкагын аав гэж том хар түрийвч гарган ирж цэнхэр мянгатыг имхэрдсэн хүгэлгэр хар хүн ирээд хүний өөрийн гэж ялгалгүй биднийг тойруулан суулгаад нэжгээд мянган төгрөг хишиг болгон өгөөд
- За яахав өөрсдөө чадна гэж байгаа бол хамаа алга. Хүний охин үрийг дааруулж өлсөгчихөлгүй өвөлжих юм бол аав нэг хашаа байшин ч атугай олж өгнөө хэмээгээд тэр өдөртөө гадуур явж гайгүй дориун хашаа байшин бүтэн жилээр түрээлснээр Цэдкагынх гэж нэг айл дэнжийн мянгад буур засаж Баадай бид хоёр өрөөндөө үлдсэн нь энэ. Угийн гурвуулаа байж сүрхий ижилдсэн бид өөр хоорондоо зам гарталаа сүжирч Баадай бид хоёр Туяагын гарын хоол цайнд нилээдгүй дасаад байлаа. Норжин бид хоёрын хувьд намайг төгстөл аав ээжийдээ хэлэхгүйгээр байхаар тохирсон ч Норжин ихэвчлэн манай байранд өнжиж орой хийдэг ажил нь цуг болохоор Баадай Цэдкагынхаар голдуу л байна. Норжин анагаахын дээд хичээл ихтэй оюутан, би ажил хийх болохоор урьдых шиг гадуур зугаалаад байх зав тэр болгон гарахгүй. Харин хагас бүтэн өдөр Цэдкагынд цуглан охидууд хоол унд бэлдэж бид гурав зах дээрээс бөмбөрүүлж ирсэн яртай моднуудаа хөрөөдөж хагалан үүдний жижиг өрөөнд нь ирийтэл хурааж, би чи болон хоорондоо хуруудан таганд нь хаймар хавчуулсан дөчийн бидон усыг ээлжлэн мөрлөн үүрч ус зөөгөөд Цэдкагын хонхорхой бүхнийг нь усаар дүүргэнэ. Дараа нь орой болтол тоглож наадан элдвийг хүүрнэн оюутны амьдарлын сүүлийн жил, амьдрал ая зан өрнөсөөр л байлаа. Тэгтэл тэнгэрт тулсан их хэрэг гээч энэ орой мандах учиртай байжээ. Цагийн аясаар өрнөж байсан жирийн сайхан амьдралыг маань тогтоол усны мандалд том чулуу шидчих шиг хөвсөлзүүлсэн энэ их аюул залуу насны ааг омог, гэнэн томоогүйн харгайгаас л үүдсэн юмдаа.
Байрны нарийхан коридороор нүсэр биетэй хүн хөлөө чирэн алхалсаар ойртон ирэх нь Цэдкагын хөлийн чимээ. Андуурсангүй Жавар сэнгэнүүлсээр нүсэр том биетэй Цэдка хараал урсган орж ирээд мэндийн зөрүүч үгүй Баадайн орон дээр суун халаасаа ухаж гар утсаа гаргаж ирээд ширээн дээр тавин
Энэ ажиллахаа байсан даа гээд дахин хараал урсгаж гарлаа. Энэ намар баян хүмүүсийн барьдаг гар утас хэмээх ид шидтэй юм гайгүй хямдраад бид гурав гэр оронтойгоо холбоо барихад амар гэхээсээ илүү утас барьсан баян хүмүүс болж чамирхах хүсэлдээ илүү их хөтлөгдөн бидэндээ л нилээд их мөнгө зарлагдан байж нэг утас авсан юм. Уг нь бол утас шөрмөсөөр аргамжигдахгүй хирнээ овор хэмжээ нь тоосго уртааш нь дөрөв хуваасны нэг шиг жижигхээн хөөрхөн золиг хаа байгаа холын аймагтай ядах юмгүй холбогддог сайхан эд. Ганц зовлон нь минут гээч юм нь жигтэйхэн үнэтэй. Булаацалдах нь халаг юм болж хичээлдээ явахдаа ээлжлэн барина. Дуугархаасаа илүү дуугүй өнжих нь их чиг хаяа гаргаж ирэн харж хэрэндээ л сэтгэл хангалуун байдаг байлаа.
Баадай ухасхын босож ирээд
- За яачихсан бэ? Унагаачихсануу? Унахаар л их амархан эвдэрдэг гэсэндээ гэж олон асуулт араас нь давхацуулан утсыг аван дэлгэцрүү нь ширтэж байснаа чихэндээ барин чагнаж байна. Би “цаг бишдээ чагнаад байхдаа яахав” хэмээн дотроо инээд хүрсэн ч бас л харамсах сэтгэл төрөн яаран өндийж Баадайн гараас утсаа аван харвал дэлгэцэн дээрх бичиг нь шал өөр болсон байх бөгөөд гурвуулаа словарь гаргаж ирэн орчууллаа. “Тор байхгүй” гэсэн үг махчилж орчуулсан утга нь хэдий чиг үүнээс өөр утгаар гарч ирэх нь бас бий бөгөөд унагаад дотор нь тор гэдэг юм нь салчихсан ч юм билүү гэсэн дүгнэлтэд гурвуулаа хүрч задалж үзэхээр шийдлээ. Зайг нь аван арын тагыг нь онгойлгон боолтыг нь харвал хүн болж хүзүү толгой залгасаар огт хараагүй толгойтой боолт байх нь тэр. Баадай бид хоёрын царайг ээлжлэн ширтэж нээх том юмаа гээчихсэн хүн шиг унжийн сууж байсан Цэдка
- Өчигдөр орой түлээ оруулж байхдаа унагаах нь ч унагаасан лдаа гэхдээ дараа нь зүгээр л байсан юмдаа гэхэд нь Баадай
- Зүгээр гэнэ шүү ! Үгүй ямар амьтан түлээгээ оруулахдаа утасаа авч гардаг байнаа. Өдөр шөнөгүй чамруу хүн залгаад байдаг компаний захирал бишдээ гээд амандаа “нө нэтвүүк” хэмээн нөгөөх бичгийг дахин давтан үглэх зуураа Цэдкаг бааллаа.
Гурвуулаа хэсэг ярилцаад холбооны сургуульд сурдаг Баадайн танидаг оюутан дээр очихоор шийдэн гарлаа.
Гадаа цасгүй хэдий чиг намрын сэрүүн хэдүйн орж жаварын аяс нилээд чанга болсон байв. Гар утастай баячуул унааны мөнгөгүй байсан болохоор гүйх газраа гүйж алхах газраа алхалсаар Холбооны сургуулийн дотуур байр орж утсаа хүнд үзүүлбэл: ямар ч байсан эвдэрчээгүй бөгөөд бидний чадан ядан орчуулсан өнөөх үг маань “сүлжээ байхгүй” гэсэн үг болж таарлаа. Өнөө эс ч маргааш гайгүй болно. Цаанаасаа ингэж байгаа юм гэсэн хариулт авч сэтгэл нилээд тайвширцгаалаа. Буцаж алхах зуураа түрүүнээс хойш чимээгүй явсан Баадай сэтгэл нь илт сэргэсэн байртай гараа халаасандаа хийчэхсэн исгэрсэн шигээ алхаж байсанаа санаанд нь нэг юм оров бололтой бид хоёрт хандан
- Гурвуулаа такси мурия!(Таксины мөнгө төлөхгүй зугтаая гэсэн санаа) Эртээрийн нөгөө Ганбаа ахын ярьсан шиг оролдоод үзье гэлээ. Биднээс гурав ах Ганбаа хэмээх хүрэлгэр эр дотуур байранд олон жил амьдарсан бөгөөд саявтархан манай тасагт морилж“ дүү нараасаа нэг юм уунаа” гээд биднээр нэг шил архи авхуулан амаа чилтэл болох бүтэхгүй баахан юм ярьж байгаад гарсан билээ. Түүн дотроос нь “такси хэрхэн хулхидах тухай” ёстой л өнгөтөөр ярисан яриа нь Баадайны дотроос өдий хүртэл хатгаад байсан бололтой.
- Ээ дэмий баригдаад баларсан юм болно гэж намайг цаараглахад Баадай өөдөөс сөргүүлэн
- Чи тэгвэл ганцаараа алх! Цэдка надтай биздээ? гэж асуухад Цэдка дуртай нь аргагүй зөвшөөрч хоорондоо хуруудан хэн нь урд суухаа шийдэж намайг бүүр хажуудаа хүн байна гэж мартсан бололтой тоохгүй царай гаргацгаана. Арга барагдсан би дуртай ч дургуй зөвшөөрч
- Тэгээд хэн нь хоригдол болох юм бэ? гэвэл Цэдка их сайхан юм хийх гэж байгаа хүн шиг “би болноо” хэмээн өөрөөс нь хэн нэгэн өрсөх вий гэсэн аятай яаран хариулаад нэмж: “та хоёр шиг туранхай юм байвал овгор биш гоожуур гээд бүүр их мөнгө нэхнэ биздээ гал хамуудаа хэмээн” хэмээн маасаганаад бушуухан эргэж зам дээр гар өргөн зогслоо. Төлөвлөгөө ёсоор Цэдка хоригдол болж жолоочийн хажуугын суудал дээр суугаад бид хоёрлуу хагас эргэн баахан шорон орон яриж “тэгж зодоод ингэж ч зодоод, тэгж дүрээд ингэж ч дүрээд “ хэмээн бүдүүн Ганбаагын ярисныг яаг давтан авч өгч байна. Хичээлээ хийх, юм цээжлэх гэж өрөөн дотуур дүнгнэн холхиож байдаг Цэдка Ганбаагын ярисныг үг үсэггүй тогтоосныг нь сонсохнээ мань хүнд бас нэг туршаад үзэх санаа хэдийнээс хойш байсан бололтой. Хүрэх газраа хүрээд хоорондоо маргалдан зодолдох маяг үзүүлэх эс бол “ах наанаа хүлээж бай” шөнөжингөө явнаа гээд бууж одохоор ямар ч жолооч айгаад яваад өгдөг гэсэн гэнэхэн төлвөлгөө биелэх магадлалтай, амархан юм шиг санагдаж байсан ч байрлуугаа дөхөх тусам ходоодны мухарт түгших айдас гэдэг шаар үлээх шиг л томорч байлаа. Цэдка д ч гэсэн амар биш болж буй нь илт агаад яриан дундаа гацан хаяа бид хоёр луу эргэх тоолон хамар дээрх бурзайсан хөлс нь зөрж өнгөрөх машины гэрэлд намрын шүүдэр шиг л гялалзана. Хажууд суугаа Баадайн гар хаалганы бариул дээрээс салахгүй явах нь бас л айдас нь хэдүйн ирээд хүзүүн дээр нь суугаа шинжтэй. Байрны гадаа ч ирлээ. Цэдка
- Ахх.. гээд .. хэсэг ээрснээ наанаа хүлээж бай.. гэж хүн айх нь битий хэл “энэ ч дээ хөөрхий” гэж бодом дорой дуугаар өгүүлснээ залгуулан “энэ хоёрыг үлдээчихээд би мөнгөө аваад ирнээ” гэж нохойтох нь тэр. Бас болоогүй “шөнөжингөө зугаалнаа” гэсэн юм там тув бувтнаж байна. Баадай бид хоёр цуг ..цуг орноо хэмээн зэрэг зэрэг дуугарцгааж хаалганы бариул тэмтэрсэн боловч хаалга нь онгойдоггүй. Жолооч ах хүү суудал дээрээ алгуурхан эргэж бүхээгний гэрлээ асаагаад бидэнрүү харж
- Ах нь шөнөжингөө явж чадахгүй. Мөнгөгүй бол дараа таархаараа өгчихгүй юу гэснээ Цэдкад хандан: Чи чинь одоо манай сумын нягтлан Бадарч гуайн хүү шиг л байхын! Хэдийдээ ингэж их шорон оронгоор явчихдаг дамшиг вэ? Гайгүй л хүү шиг байсан. Манай бага охин та хоёр найм цуг төгссөн билүүдээ гэж доогтой нь аргагүй хэллээ. Машины бүхээгны бүдэг гэрэлд царай нь час улайж харгадах Цэдка
- Би танай сумых бишээ! “Таныг хараач үгүй юм байна” гээд... хэсэгхээн чимээгүй байснаа шулуудав бололтой “ахаа та аавд битий хэлээрэй” гэх нь тэр..
Машины арын улаан гэрэл анивчсаар далд орж ахуйд Баадай бид хоёр Цэдкад мэдэгдэхгүй инээх гэж тамаа цайж байлаа. Цэдка нөгөөх ууралдгаараа уурлан бууж гарлаа. Баадай тэрхэн доор нь хариу бариж
Чи муу өөрөө “энэ хоёрыг үлдээчихээд би ороод ирнэ” гэж хэлээ биздээ. Наадах чинь ийм хүндээ! Болдоо харж байнуу? Хүнээр ийм болчих гэж! Гайгүй залуу байсан шорон оронд ороод эвдэрч дуусчээ гэж тохуурхалаа.
Битгий хуц чи! Би ямар тэр чигээрээ алга болох гэсэн юмуу? Орж мөнгө олж ирэх гэж байсан болохоос. Нэг л харсан хүн шиг байсан юмаа. Түй чоорт!!! Манай ангийн “гал Сүрэнгийн” аав байна шдээ. Ноднин хотруу шилжсэн гэж дуулдсан Ингэж таарах гэж. Одоо ёстой баларсаан. Ядаж байхад Сүрэн гэж манай суманд аманцар амтай хоёроороо айргын тавд явдаг охин. Муу Цэдка хүү хүний нүүр харахгүй болжээ гэж шогширлоо.
Цаг нилээдгүй орой болжээ. Унаа зогсохоос өмнө Цэдка явахаар болж Баадайгаас мөнгө зээлхээр гуйлаа. Угийн нарийн нандин Баадайд адаглаад л унааны зуун төгрөг байж л байдаг юм. Эхлээд байхгүй гэж байснаа дараа нь энд нэг зуун төгрөг харагдсан гэх буюу эс бол ээж нэг тийм юм аваад явуулаадхаарай гэсэн хэдэн төгрөгнөөс гээд жоороо ухдаг юмалдаа. Тэр ёсоороо мань хүн эртийд орны гудсан доогуур хоёрзуун төгрөг хийсэн гээд байрлуу орлоо. Энэхэн үес байрны жижүүр мартаж орхиод гэнэт санасан бололтой гадаа үүднийхээ гэрлийг асаалаа. Гэрлийн үзүүрт нэг л танил өнгийн гоёмсог машин “сайнуу?” гэх шиг шил толио гялалзуулан зогсож байх нь нөгөөх ганган залуу манай байранд морилж яваа бололтой. Цэдкад хэллээ. Удаа ч үгүй Баадай ч гарч ирлээ. Оюутны байраар тоож шагаймгүй хээнцэр эр үүдэнд нэгдүгээр курсын охинтой уулзаад зогсож байна гэнэ. Түрүүнээс хойш хийсэн зүйл, ичсэн хоёртоо баахан ууртай байсан Цэдка
- Дуудаад гаргаад ир! Хариуг нь өгнөө! Олуулаа ганц хүн бооролдог "нус"гэлүү. Хажуугын барилга руу оруулаад гөвшиж орхиё гэсэнд би баахан цаараглаж
- Яах юм бэ тэртэй тэргүй өнгөрсөн юм гэсэнд
- Чи болж үз! Гэгээнтэн шиг л байх юм. Нүгэлийг нүглээр өсийг гэж цэцэрхээд гараад ирэхээр нь барьж аваачаад хажуугын барилгын хашаанд оруулаад ухамсрын шанаа өгөөд нэг сайн айлгаад явуулнаа гэлээ.
Баадай хүн харж байхаар болж Цэдка бид хоёр байрны үүдэнд отлоо. Төд удалгүй нөгөөхийг гараад ирмэгц нь Цэдка толгойг нь мөрөн дээгүүрээ тундраад би хоёр хөлийг нь нэг нэгээр нь сугандаа хавчуулан өргөж аваад шууд эргэн байрны булан тойрмогцоо баригдаж дуусаагүй барилгын хашаан давуулан шидээд өөрсдөө хурдхан гэгч араас нь давлаа. Мөнөөх залуу байрны цонхоор тусах бүдэгхээн гэрэлд намайг хараад таньж айсан бололтой дуу нь цаашаа орж “яахгээд байнаа” хэмээн чичэрхийлсэн хоолойгоор дахин дахин өгүүлнэ. Цэдка заамдаж аваад элгэнд нь нэг цохиж эвхрээд ирмэгц нь дахин хананд шахан босгож ирлээ. Та чинь их хүн зоддог хүн гэлүү? Одоо харнаа чамайг гээд надруу тонгойн
- Боочихьё! "Төмөр утас олоод ир" гэж мөнөөх ганган залууд дуулдахаар шивнэлээ. Би дор нь учирыг нь олж инээд хүрэн:
- Машиныг нь яахуу? хэмээн хариу дуулдахаар шивнэвэл Цэдка хэзээ язааны сурамгай алуурчин шиг “голруу, голруу” гэж байна. Үүнийг сонссон "нөгөөх” айх эмээх нь туйлдаа хүрч байгаа бололтой дагжиж
- На.. Намайг битгий алаач гэснээ би мөнгө өгье гээд түрийвчээ гаргаж ирэн чичэрсэн гараараа ухах дүр үзүүлж байснаа гэнэт Цэдкагын нүүрлүү шидэж орхиод ухасхийн хашаан дээгүүр хүрэхгүй шахам дүүлээд алга болж өглөө.
Маргааш өглөө нь ид нойрон дунд хаалга тас тас хийтэл балбах чимээнээр сэрж сэтгэл нэг л түгшээд явчихсан тул яаран очиж нээвэл цагдаагын хоёр гурван хүн хүч түрэн орж ирээд нэг нь надтай зөрөн өнгөрч дөнгөж сэрж байгаа Баадайн хөнжлийг нь хуулан шидээд
- За муусайн гэмт хэрэгтнүүд явнаа! Хувцсаа өмсцгөө гэж зандран халааснаасаа гав гаргаж ирлээ. Айсандаа яаран хувцаслаж байгаа Баадайн царай хүн харахын эцэсгүй болсон харагдана. Юу болоод байгааг нь асуувал хэсэг дээр очоод учраа олноо гэхээс өөр тайлбар ер хэлсэнгүй. Байрнаас гартаа гавтай яг л гэмт хэрэгтэн шиг олны гайхаж хачирхасан харцаар үдүүлэн гарч үүдэнд байгаа жаран ёс машины арын хаалгаар орж суулаа. Энэ сацуу урд талын суудал дээр дээрээс нэг хүн эргэж цагдаатай нэг зүйл шивнэснээ бид хоёрлуу харж:
- Нэг нь биш байна. Их бүдүүн том биетэй залуу байсан гэх нь өнөөх “ганган залуу”. Бүлэглэн дээрмийн хэрэг үйлдэж хүний амь нас хохироохоор завдсан оюутнууд. Баригдахгүй гэж бодоснуу? хэмээн нэг цагдаа нь доогтой нь аргагүй хэллээ. Хэрэг биш болоод явчихлаа. Тэд ч Баадайгаас хэдэн юм асуугаад явуулж намайг аван Цэдкагых руу хөдөллөө . Цас бударсан өглөөний жихүүнд зам нилээд халтиргаатай болохоор машин их л аажуухан явна. Гартаа гавтай сэтгэлдээ бул хар чулуутай миний нүдэнд Норжин, Туяа, аав ээж бүх хүмүүсийн дүр харагдаж “ингээд бүх юм өнгөрчээ” гэсэн бодолд даруулан өөрийн мэдэлгүй ахин дахин санаа алдсаар байлаа.
Үргэлжлэл бий..

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: